Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгасан. Өнөөдөр энэхүү хөтөлбөрийг орон даяар эхлүүлсэн бөгөөд Ховдчууд аймгийнхаа төв талбайд Элэг бүтэн Монгол хөтөлбөрийг хэрэгжүүлэх нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулав. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хийсэн судалгаагаар манай улсад элэгний В, С вирусын архаг халдвартай 400 мянган хүн амьдарч байгаа гэсэн дүн гарчээ. Түүнчлэн 2016 онд шинээр 6000 орчим хавдар бүртгэгдсэн бөгөөд хавдрын 70 орчим хувь нь хожуу буюу хүндрэх шатандаа илэрсэн байна. Иймээс “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, элэгний хорт хавдарын өвчлөлийг бууруулах зорилтыг дэвшүүлээд байгаа юм. Хөтөлбөрийн хэрэгжих хугацаанд Монгол улсын 15-аас дээш насны хүн бүрт элэгний В, С вирусын халдварыг илрүүлэх арга хэмжээг зохион байгуулна. 2017 онд 40-45 нас, 2018 онд 15-39 насны иргэдийг элэгний В, С вирусын шинжилгээнд хамруулах юм байна. Манай аймгийн хэмжээнд элэгний В, С вирустай 624 хүнийг хяналтанд бүртгэгдсэнээс 147 хүнийг эмийн эмчилгээнд хамруулсан байна. Цаашид “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд Хепатитийн С вирусийг эмчлэх Америк болон Энэтхэгт үйлдвэрлэсэн баталгаат эм бэлдмэлийг эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй үнийн жороор иргэдэд олгох асуудлыг шийдвэрлүүлэхээр төлөвлөж байна.

- share

Сэтгэгдэл (1)

  • мэдээллээ шинэчлэх сайт ажиллахгүй байна.

    2017-06-05 08:22:56