Аньхуй мужийн Засаг дарга Ли Гуо Ин, Цонж аймгийн Засаг дарга Ма Шюн Чөн нарын урилгаар БНХАУ-ын ШУӨЗО-ы Цонж аймгийн удирдлагуудтай уулзалт хийх, Ховд аймаг, Аньхуй муж хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээр хийх, “Нэг бүс-Нэг зам” Монгол Улстай хамтран ажиллах форумд оролцох зорилгоор энэ оны 4-р сарын 03-10-ны өдрүүдэд аймгийн Засаг дарга Д.Галсандондог тэргүүтэй 6 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийн баг БНХАУ-ын ШУӨЗО-ы Үрүмч хот, Аньхуй мужийн Хөфэй хотод томилолтоор ажиллажээ. Төлөөлөгчдийн багт аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ганболд, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Д.Баасандорж, Дарви сумын Засаг дарга Б.Түмэндэмбэрэл, Мянган Угалзат Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дарга Н.Ганбат, ЗДТГ-ын гадаад харилцааны асуудал хариуцсан мэргэжилтэн Ж.Ганцоож нар оролцлоо.

 

Томилолтоор ажиллах хугацаанд БНХАУ-ын ШУӨЗО-ы Үрүмч хотод ШУӨЗО-ы Ужиачү хотын орлогч дарга Ян Мияосэн тэргүүтэй төлөөлөгчид, ШУӨЗО-ы Цонж аймгийн Ма Хунжүн тэргүүтэй төлөөлөгчидтэй тус тус уулзалт хийж Ховд аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын тухай товч танилцуулга болон 2016-2020 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн томоохон төслүүдийн талаарх танилцуулгыг хийж, төсөл хөтөлбөрүүдэд гадаадын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах, дэмжиж хамтран ажиллах талаар төр засгаас баримталж буй бодлого шийдвэр, хууль, эрх зүйн орчны талаар мэдээлэл өгч санал солилцлоо. Мөн Цонж аймгийн удирдлагуудтай Улиастай-Байтаг боомтоос Булган сум хүртэлх 120 км хатуу хучилттай замыг Чита сумын хөрөнгө оруулалтаар барих асуудлаар ярилцсан бөгөөд Цонж аймгийн удирдлагууд 5 дугаар сарын эхээр Ховд аймагт ажлын айлчлал хийж тус хөрөнгө оруулалтын талаар болон бусад хамтран ажиллаж болох төсөл хөтөлбөртэй нарийвчлан танилцахаар тохиролцов.

 

Үүний дараа Аньхуй мужийн Хөфэй хотод тус мужийн Засаг дарга Ли Гуо Ин, Засаг даргын орлогч Жан Шугуан тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзалт хийж, Ховд аймаг, Аньхуй муж хооронд “Найрамдалт аймаг, муж”-ийн харилцаа тогтоон эдийн засаг, бизнес, боловсрол, соёл, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллахаар хэлэлцэн тохиролцлоо. Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга Д.Галсандондог эдийн засаг, техникийн хөгжлөөрөө Хятад улсад тэргүүлэх мужуудын нэг Аньхуй мужтай хамтран ажиллах болсондоо баяртай байгаагаа илэрхийлж, хоёр аймаг, мужийн бүх талын харилцаа, хамтын ажиллагааг идэвхтэйгээр дэмжин хөгжүүлж, аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалт болон төсөл хөтөлбөрүүдэд хамтран ажиллах бүрэн боломж буйг онцоллоо. Мөн Аньхуй мужийн Засаг дарга Ли Гуо Ин Ховд аймагтай найрамдалт харилцаа тогтоон, хамтран ажиллах болсондоо баяртай байгаагаа илэрхийлж, хоёр аймаг, мужид давуу талуудаа ашиглан дутагдалтай талуудаа нөхвөрлөн, харилцан ашигтай хамтран ажиллаж хамтдаа хөгжих хамтын ажиллагааны орон зай байгааг дурдсан юм.