Ховд аймгийн Засаг  даргын  2018 оны  11 дүгээр сарын  14-ний өдрийн  А|709 дугаар захирамжаар  аймгийн Засаг даргын  бүрэн эрхээ хэрэгжүүлэх, шийдвэр гаргахад ажлын чиг үүргээр зөвлөх, нутгийн захиргааны болон  төрийн  үйлчилгээний байгууллагууд,  төрийн бус байгууллагуудын  ажлын  уялдаа холбоог  хангах,  ажлын үр дүн, үр нөлөөг дээшлүүлэх, тулгамдсан асуудлуудыг  шийдвэрлэх арга замын талаар санал солилцох  “Засаг даргын орон тооны бус зөвлөхүүдийн зөвлөл” байгуулсан. Тэгвэл аймгийн Засаг даргын орон тооны бус зөвлөхүүдийн зөвлөлийн хурал энэ сарын 16-ны өдөр Нутгийн удирдлагын ордны иргэний танхимд  боллоо.

Хурлын хүрээнд  аймгийн Засаг даргын орон тооны бус зөвлөхүүдийн зөвлөлийн бүрэлдэхүүн болон ажиллах  журам,  зорилго,  орон нутагт  тулгамдаж буй асуудлуудын  талаар  хэлэлцэж, санал солилцсон юм.   

Энэ үеэр аймгийн Засаг дарга Б.Дүгэржав: “Орон нутагт  тулгамдаж буй асуудлыг олон нийтийн оролцоотойгоор  тодорхойлон шийдвэрлэх, цаг үеийн ажлыг эрчимжүүлэх, төрийн албаны сахилга  хариуцлага, үйлчилгээний соёл,  хүртээмжийг шинэ шатанд гаргах  зорилгоор "Соёлтой төрийн үйлчилгээ-Авилга хүнд сурталгүй аймаг" болох зорилт дэвшүүлж,  аймгийн Засаг даргын  08  тоот албан даалгавар гаргаж,  бүх  албан байгууллага, аж ахуйн нэгжид  хүргүүлсэн. Энэхүү  зорилтыг  бодит  ажил болгон  хэрэгжүүлэх,  ард иргэдийн  дуу хоолой, санал хүсэлтийг  сонсох,  тулгамдаж буй асуудлуудыг  богино хугацаанд  шийдвэрлэн ажиллахад  та бүхний дэмжлэг,  санал  хамгийн  чухал.  Тиймээс цаашид  аймгийн  Засаг даргын орон тооны бус зөвлөхүүдийн зөвлөлийн үйл ажиллагааг  эрчимжүүлж, бодит  ажлуудыг   хамтран   хийхийг   уриалж байна”  хэмээв.

Хурлын  үр дүнд аймгийн  Засаг  даргын орон  тооны бус  зөвлөхүүдийн зөвлөлийн  даргаар Монгол банкны захирал асан Д.Батчулууныг,   гишүүдээр   төрийн ба  төрийн бус  байгууллага, аж ахуйн нэгж,  ахмад  үе ,  залуучууд,  иргэдийн  төлөөлөл  24  хүнийг   баталж,   үнэмлэх олгов.

Аймгийн  Засаг  даргын орон  тооны бус  зөвлөхүүдийн  зөвлөл нь  17 сум,  Засаг даргын эрхлэх асуудлын  хүрээний байгууллагуудын үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй ажлын  явц, гүйцэтгэл, тайлан мэдээтэй  танилцах   эрхтэй  бөгөөд  орон нутагт   тулгамдаж буй асуудлуудыг  шийдвэрлэх арга замын  талаар санал солилцож,  цаашид  хийх  ажлыг   төлөвлөн тодорхойлох  чиглэлээр  ажиллах юм. 

                                                                                                                                                                              Н.Лхагва

- share

Сэтгэгдэл (0)