Жаргалант сумын Рашаант багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Баруун Монгол Интернэйшл” ХХК-ний “Мал төхөөрөх үйлдвэр”-ийн бохирын шугам сүлжээнд доголдол үүсэж бөглөрснөөр Рашаант багийн айл өрхүүдийн хашаа, гудамжаар бохир ус урсаж байгаа тухай иргэдээс санал хүсэлт ирүүлсэн байна. Үүний дагуу аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайханаар ахлуулсан мэргэжлийн байгууллага, иргэдийн хамтран ажлын хэсэг 11 дүгээр сарын 03-ны өдөр “Мал төхөөрөх үйлдвэр”-ийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, үүсээд байгаа бохирын шугам сүлжээний доголдол, үйлдвэрийн зөрчил дутагдлыг шуурхай арилгах талаар холбогдох мэргэжилтнүүдэд үүрэг чиглэл өгч ажиллалаа.

Тухайлбал, “Мал төхөөрөх үйлдвэр”-ийн хог хаягдал болох малын бохир гэдэс дотор, цус, ноос, тос зэргээс шалтгаалан бохирын шугамын хоолой, холбох хэрэгсэлд бөглөрөл үүсэж, айл өрхүүдийн хашаа, гудамжаар бохир ус урссан байна. Тиймээс цаашид “Мал төхөөрөх үйлдвэр”-ийн бохирын шугамын шүүлтүүрийг нэмэгдүүлэх, тунгаагуурын сав байрлуулах, 200 диаметр шугам шинээр тавих, орчны цэвэрлэгээ хийх зэрэг арга хэмжээ авч ажиллахаар шийдвэрлэв.

Мөн “Эрсдэлээс урьдчилан сэргийлэх тухай” МХГ-ын Улсын байцаагчийн хамтарсан зөвлөмж гаргаж, Бохир ус зайлуулах, төвлөрсөн сүлжээнд нийлүүлэх, үйлдвэрийн бохир усны найрлагын зөвшөөрөгдөх хэмжээний тухай “Амьтан, ургамлын гаралтай тос төв суурин газарт 15.0-25.0 мг\л байна” гэсэн заалтыг ханган ажиллах, үйлдвэр үйлчилгээ эрхлэгч нь түүхий эд, бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанар, аюулгүй байдлыг хангаж, эрсдэлээс сэргийлэх, үүсэх сөрөг үр дагавар, илэрсэн зөрчил дутагдлыг шуурхай арилгах, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас Эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, стандартыг хэрэгжүүлэх талаар тавьсан шаардлагыг биелүүлж, зөрчлийг бүрэн арилган 11 дүгээр сарын 10-ны өдрийн дотор хариу мэдэгдэж ажиллахыг “Баруун Монгол Интернэйшл” ХХК-ийн удирдлагад анхааруулсан юм.

- share

Сэтгэгдэл (0)