Аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Баярсүхээр ахлуулсан ажлын хэсэг сум орон нутгийн өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөцтэй газар дээр нь танилцах, согтууруулах ундаагаар худалдаа, үйлчилгээ явуулдаг тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлгээ өгөх зорилгоор энэ оны 10 дугаар сарын 24-нөөс 28-ны өдрүүдэд Чандмань, Дарви, Зэрэг, Манхан сумдад ажиллалаа.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн Стандартчилал хэмжилзүйн хэлтсийн мэргэжилтэн К.Бямбажав, Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал аж ахуйн албаны дарга Г.Бат-Өлзий, Сумын татварын байцаагч, цагдаагийн хэсгийн төлөөлөгч нар ажилласан бөгөөд сумдын өвөлжилтийн бэлтгэл байдал, албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүдийн нүүрс татан авалт, сумын өвс, тэжээлийн нөөцтэй газар дээр нь танилцаж, согтууруулах ундаагаар худалдаа, үйлчилгээ явуулдаг тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийлээ. Мөн сумын удирдах ажилтнуудтай уузалт хийж, цаашид авч хэрэгжүүлэх, анхаарах асуудлуудын талаар ярилцав.

Хөдөө аж ахуйн салбарын 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай Монгол улсын Засгийн газрын 218 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 06, 07 тоот албан даалгавруудын хүрээнд сумууд өвөлжилтийн бэлтгэл ажил зохион байгуулах ажлын хэсгүүдийг томилж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Тухайлбал, одоогийн байдлаар Дарви сум 747.3 тн өвс, 20 тн үйлдвэрийн тэжээл, 17.1 тн ногоон тэжээл, 213.2 тн гар тэжээл, 510 тн хужир шүүг бэлтгэн өвөлжөө, хаваржаан дээр татан авсан байна. Мөн Чандмань сум 8тн өвс, 7.5тн тэжээл авах гэрээ байгуулан татан авалт хийгдэж эхэлжээ. Манхан сум хадлан 2109тн, гар тэжээл 175тн, хужир шүү 720тн, ногоон тэжээл 60тн, сумын аюулгүйн нөөцөд 20 тн өвс, 100 уут тэжээл бүрдүүлсэн байна. Зэрэг сум цаг хүндэрсэн үед хэрэглэх тэжээлийн нөөц бүрдүүлэхээр Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөнөөс 5 сая төгрөгийг гаргаж, зарцуулахаар шийдвэр гарсан бөгөөд малчид, мал бүхий өрхүүд, иргэд өөрсдийн хүчээр сонгино, адууны хомоол, халгай, чихэр өвс зэргийг ашиглаж 300 тн гар тэжээл бэлтгэсэн гэж мэдээллээ. Энэ үеэр тухайн сумууд нь “сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц”-ийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай байгааг ажлын хэсгийн гишүүд онцлон хэллээ.

                                                                                                                                                                                                       Н.Лхагва

- share

Сэтгэгдэл (0)