Францын Рубрук тосгон, “Гийум де Рубрук” холбоо, Арийд олон улсын байгууллага, Аймгийн Засаг даргын Тамгын газар, Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар хамтран гэр хорооллын айл өрхүүдийг боловсон бие засах газартай болгох, хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор “Эко бие засах газар байгуулах төсөл”-ийг Жаргалант суманд хэрэгжүүлж байна.

Тэгвэл өнөөдөр Жаргалант суманд хэрэгжиж буй “Эко бие засах газар байгуулах төсөл”-ийн уулзалт, хэлэлцүүлэг болж, эко нолийн хэрэглээ, түүний ашиг тус, үр дүнгийн талаар хэлэлцлээ. Уулзалт хэлэлцүүлэгт аймаг, сумын удирдлагууд болон “Эко бие засах газар байгуулах төсөл”-ийн удирдагч, Франц улсын мэргэжилтнүүд, Ховд их сургуулийн багш, судлаачид, Жаргалант сумын 12 багийн эко ноль хэрэглэгч айл өрх, байгууллагын төлөөллүүд оролцов.

Энэ үеэр Жаргалант сумын ундны ус, хөрсний бохирдолтын өнөөгийн төлөв байдал, бохир усны ангилал, бохирдлын төрөл, “Эко бие засах газар байгуулах төсөл”, био хий, бордоо гарган авах төслүүдийн хэрэгжилт, үр дүн, туршилтын явц, хэрэглэгчдийн сэтгэл ханамж, цаашид анхаарах асуудлуудын талаар холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл хийлээ.

“Эко бие засах газар байгуулах төсөл”-ийн хүрээнд Жаргалант сумын 12 багийн 207 айл өрх болон ерөнхий боловсролын 6 сургууль, Хөгжил Политехник коллежид нийт 263 ширхэг эко нолийг үнэ төлбөргүй олгож, Бичигт, Буянт багийн 2 айл өрхөд био хий, бордоо гарган авах туршилт хийжээ. Одоогийн байдлаар сумын айл өрх, сургуулиудад олгосон эко нолийн ашиглалт, туршилт 40 хувьтай явагдаж байгаа аж.

                                                                                                                                                                                                 Н.Лхагва

- share

Сэтгэгдэл (0)