Азийн хөгжлийн банк (АХБ)-ны санхүүжилтээр Ховд аймагт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд гарч буй үр дүн, бодит байдалтай газар дээр нь танилцах, олон нийтэд мэдээлэх, төсөл, хөтөлбөрийн үр шимийг хүртэгчдийн сэтгэл ханамжийг тодорхойлох зорилгоор Азийн хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 15, 16-ны өдрүүдэд Ховд аймагт ажиллаж байна.

Энэ үеэр аймгийн удирдах ажилтнуудтай уулзалт хийлээ. Уулзалтын хүрээнд аймгийн удирдах ажилтнууд Ховд аймгийн талаар товч танилцуулж, Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтын үр дүнгийн талаар мэдээллээ. Тодруулбал, Азийн хөгжлийн банкны “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд хийсэн босоо тэнхлэгийн авто зам болон орон нутгийн замын талаар ярилцаж, авто замын хяналтыг сайжруулах тухай санал солилцлоо.

Түүнчлэн Азийн хөгжлийн банк нь Ховд их сургуулийн сургалтын орчныг сайжруулах, барилгын засвар үйлчилгээ, зайны сургалт, оюутны бүтээлч санаачилгыг дэмжсэн тэтгэлэгт төсөл гэсэн 4 чиглэлээр нийт 191.0 сая төгрөгийн тэтгэлэг дэмжлэг үзүүлжээ.

Мөн АХБ-ны санхүүжилтээр Эрүүл мэндийн салбарын хөгжлийн хөтөлбөр-5 төслийн хүрээнд БОЭТ-ийн Цусны салбар банкны барилгыг 74.2 сая төгрөгөөр засварлаж, 58 нэр төрлийн 101 ширхэг тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн бүрэн шинэчлэл хийсэн байна. Үүнээс гадна Бүсийн оношилгоо эмчилгээний төв, бусад эмнэлгүүдийн хог хаягдлын нэгдсэн байрыг 140.1 сая төгрөгийн санхүүжилтээр барьж ашиглалтад оруулжээ. Ингэснээр сард дунджаар халдвартай хог хаягдал 240 кг, хурц ирмэг үзүүртэй хаягдал 242 кг, эмгэг хог хаягдал 7, энгийн хог хаягдал 2200 кг нийт 2.6 тн хогийг ангилан ялгаж, халдваргүйжүүлэх боломж бүрдсэн байна. Мөн “АХБ-ны санхүүжилтээр хог хаягдлын сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүд нийлүүлэгдсэнээр эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежментийн тогтолцоо бүрдэх боломж бий болсон” гэж салбарынхан онцлон хэллээ.

                                                                                                                                                                                                       Н.Лхагва

- share

Сэтгэгдэл (0)