Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах дадал хэвшлийг бий болгох, зөв хандлагыг төлөвшүүлэх зорилготой “Ногоон пасспорт-Монгол орон даяар” аян өнөөдөр Ховд аймагт нээлтээ хийлээ. Тус арга хэмжээнд Ховд аймгийн Жаргалант сумын 7 сургуулийн “Эко клубийн сурагчдын төлөөлөл болон аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, БСУГ-ын дарга М.Пүрэвхүү, Байгаль орчин аялал жуулчлалын яамны төлөөллүүд, аймгийн БОАЖГ-ын мэргэжилтнүүд зэрэг хүмүүс оролцож ногоон пасспорт арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. 
Уг аяны талаар БОАЖЯ-ны сайд Н.Цэрэнбат хэлсэн үгэндээ “Байгаль орчин аялал жуулчлалын яам өнгөрсөн жилээс эхлэн “Ногоон паспорт” аяныг орон даяар зарласан. Энэ нь дэлхий даяар шинэ эринд зохицож амьдрах, шинэ эриний иргэдийг бэлдэх зорилготой тогтвортой хөгжлийн зорилтуудад монгол улсын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор санаачилсан аян юм. Энэ бол дунд сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулсан акц. Өнгөрсөн гуравдугаар сард “Найрамдал” зусланд Улаанбаатар хотын сургуулиудын “Эко клуб”-ийн сурагчдаар батлуулаад “Ногоон паспорт” аянаа улаанбаатар хотын хэмжээнд эхлүүлсэн. Мөн нийслэлийн сургуулийн сурагчдын дунд аюултай хог хаягдал, тэр дундаа хэрэглэж дууссан батарейг хэрхэн ангилж хаях, ус, эрчим хүчээ яаж хэмнэх талаар уралдаан зарласан. Дэлхий нийтийн өмнө тулгараад байгаа тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэх, байгалийн шавхагддаг нөөцийг урт удаан хугацаанд тогтвортой ашиглах санал, санаачилгыг Монгол Улсын хойч ирээдүй болсон хүүхдүүдэд төлөвшүүлэх зорилготой. Бидний хувьд энэ жилийн улсын наадмаар “Цэвэрхэн наадацгаая” аяныг амжилттай хэрэгжүүлсэн. Тиймдээ ч наадмын үеэр иргэдийн тарьсан хог хаягдал өмнөх жилүүдийнхээс нэлээд буурсан. Мөн амарч, аялж, зугаалж байгаа иргэд маань тусгай цэг дээр хогоо хаяж дадаж байна. Харин өнөөдрийн энэ арга хэмжээг хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан Монгол орон даяар дунд сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд эхлүүлж буй юм” гэдгийг хэлсэн үгэндээ онцолсон байдаг. 
Хүн төрөлхтөн хүн хүнтэйгээ зөв харьцах тухай л ярьж ирсэн болохоос бус эх байгальтайгаа зөв харьцах талаар төдий л хичээсэнгүй ирсэн нь өнөөдрийн байгаль экологийн доройтол үүсэх нэг шалтгаан гэж хэлж болно. 1992 онд Монгол Улсын нийт газар нутгийн 11 орчим хувь нь ойн сан байсан бол өдгөө долоон хувь болтлоо буурчээ. Тэгэхдээ Монгол орны ойн хангай болон төвийн хэсэг нь мөнх цэвдэг дээр байдаг бол говийн бүсийнх нь усны судалбар даган ургадаг аж. Тиймээс бид байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах зайлшгүй шаардлага тулгарсан нь анхаарууштай асуудал билээ.

- share

Сэтгэгдэл (0)