Цайны зам өв соёлын наадмын хүрээнд Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, баруун бүсийн ууган их сургууль болох Ховд их сургуультай хамтран "Цайны зам" эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний бага хуралд 11 эрдэмтэн судлаач оролцож илтгэлээ хэлэлцүүлсэн байна. Тэд 300 гаруй жилийн түүхтэй цайны замын үүсэл хөгжил, цайны зам дагуух түүх соёлын дурсгалуудаас гадна Торгоны их замын дараа худалдааны нөр их үйл ажиллагаа явуулдаг байсан цайны зам нь хэрхэн хаагуур явдаг байсан, тэрхүү зам нь эдийн засгийн хувьд ямар үр өгөөжтэй байв зэрэг асуудлуудыг хөнджээ. Мөн Цайны замын үүх түүхийг судалснаар баруун бүс нутгийн ард иргэдэд ялангуяа аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ямар ач холбогдолтой болохыг хөндсөн байна.
Уг эрдэм шинжилгээний бага хуралд олон эрдэмтэд оролцсон байна. Тухайлбал, Улаанбаатар хотоос МҮИС-ийн багш профессор О.Сүхбаатар Цайны замын үүсэл хөгжил хийгээд цайны замын дагуу худалдаа хэрхэн хийгдэж байсан талаарх асуудлыг хөндсөн байна. Мөн н.Дашхорлоо профессор Цайны замын дагуу худалдаа хэрхэн хөгжиж байсан, тэрхүү худалдааг даган хөгжиж байсан цайны замын дагуу түүх дурсгалын ямар газрууд байгаа тэдгээр дээр улбаалан аялал жуулчлалын ямар бүтээгдэхүүн болгох боломж байгаа талаар асуудлыг хөнджээ. Түүнчлэн Ховд их сургуулийн профессор н.Лхагвасүрэн Хилийн бүс нутаг дагуу байгаа аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох асуудлыг хэлэлцүүлнэ. Мөн Ганболд профессор Цайны замын дагуу олон үндэстэн ястан угсаатнуудын өв соёл, түүх уламжлал ямар өвөрмөц онцлогтой вэ гэдэг талаар тус бүр илтгэлдээ онцлон дурдсан байна.

- share

Сэтгэгдэл (0)