Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харъяа 4 байгууллагын хамтарсан “Нээлттэй хаалганы” өдөрлөгийн нээлт боллоо. Тухайлбал, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэс, Хүүхэд гэр бүл залуучуудын газар, Хөгжил политехник коллеж зэрэг байгууллагууд хамтран Жаргалант сумын багуудад 4 өдрийн турш энэхүү арга хэмжээг зохион явуулах юм. Нээлтийн үйл ажиллагаанд Ховд аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Гантөмөр болон бусад холбогдох байгууллага, газрын дарга нар оролцлоо. 
Аймгийн төвийн багуудыг 4 хэсэгт хуваан төрийн үйл ажиллагааг нэг дор, хурдан шуурхай үзүүлэх зорилготой өдөрлөг болж байна. Эхний өдөр буюу 4 сарын 2-нд Алагтолгой баг, Жаргалан баг, Магсаржав багуудын иргэдэд 1-р сургуулийн урлагийн зааланд үйл ажиллагааг хүргэв. Харин өнөөдөр Цаст Алтай сургуулийн урлагийн зааланд Наран баг, Рашаант багийн иргэдэд Нээлттэй хаалганы өдөрлөгийн үйлчилгээг үзүүлэх бол 4 сарын 5-нд 7-р сургуулийн Урлагийн зааланд тус тус зохион явуулах ажээ. Дээрх байгууллагууд нь энэ өдрүүдэд өөрсдийн үйл ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй шинээр батлагдан гарсан хууль тогтоомж болон бусад хэрэгцээт мэдээллүүдийг иргэдэд хүргэж байна. 
Ийнхүү Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харъяа байгууллагуудын үйл ажиллагааг нэг дороос авах боломж бүрдүүлж нэг цонхны үйлчилгээг илүү хүртээмж хүргэж байгаад иргэд, хөдөлмөрчид талархаж байлаа. Энэхүү үйл ажиллагаа аймгийн төв болон Ховд аймгийн 17 суманд 1 сар орчмын хугацаанд үргэлжлэн хүрэх юм байна.

- share

Сэтгэгдэл (0)