Ховд аймаг МоЭнКо ХХК хооронд 2017 оны 8 сарын 20-ны өдөр шинэчлэн байгуулсан хамтран ажиллах гэрээг дүгнэх ажлын хэсэг хуралдлаа. Гэрээний хэрэгжилтийн хувьд талууд хамтын ажиллагаагаа хэлэлцэн хянаж үзээд гэрээнд заасан үүргээ энэ оны хувьд 80 гаруй хувьтай биелүүлсэн гэж дүгнэсэн байна. 
Тухайлбал, гэрээ шинэчлэн байгуулагдсанаас хойш 2017 оны 9-12 дугаар сард Үенч сумын Гаалийн хяналтын талбайг барьж ашиглалтанд оруулсан, Гэрээний хугацаанд буюу 2017 оноос хойш нийт 2,5 сая тонн уулын цулыг тэслэн, мөн хэмжээний хөрс хуулалт хийж, 1,6 сая тонн нүүрс олборлосноос хойш 698,0 мянган тн нүүрсийг экспортлон, 35,9 мянган тн нүүрсийг орон нутгийн хэрэгцээнд нийлүүлсэн байна. Уурхайн хөрс хуулалтын ажлыг Моннис Майнинг Экьюпмент ХХК, нүүрс олборлолтыг Шинжиань Людиван ХХК болон Алтайн Зам ХХК, нүүрсний тээвэрлэлтийг орон нутгийн 30 гаруй тээврийн компаниуд гүйцэтгэж, тээвэрлэлтэнд 280 гаруй хүнд даацын тээврийн хэрэгсэл оролцож байна. 
Мөн Хөшөөт төсөлд 2016 онд 868 хүн ажиллаж байсан бол гэрээний хугацаанд ажиллах хүчний тоо 1302 болж өссөн байна. Эдгээрээс 70 орчим хувь нь Ховд аймгийн буюу орон нутгийн иргэд байгаа аж. МоЭнКо ХХК нь гэрээний хугацаанд улс болон орон нутгийн төсөвт нийт 12,629 тэрбум төгрөгийн татвар хураамжийг хуулийн хугацаанд төлснөөс улсын төсөвт 11,2 тэрбум, Ховд аймгийн төсөвт 1,4 тэрбум төгрөгийн татвар хураамжийг төлсөн байна. Үүнээс Ховд аймгийн төсөвт 2017 онд 1,2 тэрбум төгрөг, 2018 оны эхний 2 сард 255,9 сая төгрөгийн татвар хураамжийг төлжээ. 
Гэрээний хугацаанд буюу сүүлийн 6 сарын хугацаанд орон нутгийн хөгжилд зориулан Хөшөөт хөгжил сан болон Цэцэг Дарви сумдын хөгжлийн санд нийт 1 тэрбум 251 сая төгрөг төвлөрүүлсний зэрэгцээ орон нутагт 66,1 сая төгрөгийн хандив туслалцааг үзүүлжээ. Үүнд: Үенч суманд комбайн худалдан авахад нь зориулж 35 сая төгрөг, худаг гаргахад 8,2 сая төгрөг, аймаг болон сумдын албан байгууллагын ойн арга хэмжээнд зориулж 10 сая төгрөг, Хөшөөт багийн малчдад өвс тэжээлийн туслалцаа үзүүлэхэд 3 сая төгрөг, Булган боомтын хүчин чадлыг сайжруулахад зориулан 10 сая төгрөгийг тус тус хандивласан байна. Үүний зэрэгцээ Хөшөөт багийн төвийг ахуйн хэрэглээний ус болон цахилгаанаар үнэгүй хангаж, тус багийн ахмадууд болон Номин шилтгээн компанийн үйл ажиллагааг дэмжиж 423 тн нүүрсийг хандивийн журмаар олгосон байна. 
2017 он болон 2018 оны эхний 2 сарын байдлаар нийт 49,6 тэрбум төгрөгийн бараа ажил үйлчилгээг орон нутгаас худалдан авсан байна. Үүнд 2017 онд нийт 132 байгууллага, иргэдтэй хамтран ажиллаж 35,07 тэрбум төгрөгийн, 2018 оны эхний 2 сарын байдлаар 13,88 тэрбум төгрөгийн бараа ажил үйлчилгээ худалдан авсны 67,8 хувийг нүүрс тээврийн үйлчилгээний зардалд, үлдсэн хувийг бусад бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авахад зарцуулжээ. 
Ийнхүү орон нутагт төлсөн татвар хураамж, үзүүлсэн хандив тусламж, худалдан авсан бараа, ажил үйлчилгээтэй холбоотой дээрх тоон мэдээллүүд нь зөвхөн МоЭнКо ХХК-д хамаарч байгаа ба Хөшөөт төсөлд ажиллаж буй тус компанийн гэрээт байгууллагуудын тоо баримт эдгээрт ороогүй байна. 
Мөн тус хуралдааны үеэр хөндөгдөж байсан гол асуудлуудын гэр болох тээвэрлэлт хийх машины багтаамж ихэссэн бөгөөд цаашид нэмж тээврийн компанитай тээвэрлэлтийн гэрээ хийхгүй байгааг МоЭнКо компаний зүгээс онцлов. Учир нь хилийн шалган нэвтрүүлэх үйл ажиллагааны даац хүрэхгүй байгаа учир тээвэрлэлт төдийлөн их хэмжээгээр хийгдэж чадахгүй байгаа ажээ. Тиймээс иргэд, бизнес эрхлэгчдийг зах зээлийн энэхүү нөхцөл байдлыг судлан үзэж цаашид шийдвэрээ гаргахийг онцолж байв. 
Түүнчлэн тус компаний тээвэрлэлтээс бусад хангамж, нийлүүлэлтэнд орон нутгийн бараа бүтээгдэхүүнийг түлхүү нийлүүлэх тал дээр цаашид анхаарч ажиллахыг хүслээ. Энэ дагуу жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, хувийн хэвшлийнхэнийг аймаг орон нутгийн зүгээс дээрх төсөлд орж ажиллахад нь бодлогоор дэмжих, мэдлэг, мэдээлэл өгөх, бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, хангалт хийх ямар арга зам байгааг судлан танилцуулахыг талуудад гэрээний ажлын хэсгийн гишүүдийн зүгээс анхааруулав. 
Мөн энхүү гэрээ дүгнэх ажлын хэсгийн хуралдааны үеэр Хөшөөт тосгоны нүүлгэн шилжүүлэх тухай хэлэлцэж, тосгоныг 2018, 2019 онуудад багтаан нүүлгэн шилжүүлэхээр тохиролцлоо. Энэ хүрээнд ажлын хэсэг томилж холбогдох ажлуудыг цаг алдалгүй хийж гүйцэтгэх, төсөв, төлөвлөгөөг яаралтай гаргаж талуудад танилцуулахыг үүрэг болгосон бөгөөд холбогдох хүмүүс газар нь дээр очиж ажиллахаар болов.

- share

Сэтгэгдэл (0)