Монгол улсын Засгийн газрын 2009 оны 193 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын тэргүүний сум шалгаруулах” болзлын дагуу хоёр жил тутамд бүс бүрээс нэг сум шалгаруулдаг. Энэ онд Ховд аймгийн Булган, Увс аймгийн Бөхмөрөн, Завхан аймгийн Тосонцэнгэл, Говь-алтай аймгийн Төгрөг , Баян-өлгий аймгийн Толбо сум “Улсын тэргүүний сум шалгаруулах болзол” хангаж, холбогдох материалаа Баруун бүсийн зөвлөлд ирүүлсэн байна. Тухайн сумдын ажлыг газар дээр нь шалгаж, дүгнэх зорилгоор Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ганболдоор ахлуулсан “Улсын тэргүүний сум шалгаруулах Баруун бүсийн зөвлөлийн ажлын хэсэг” гурав дахь сум болох Завхан аймгийн “Алтан гадас” одонт Тосонцэнгэл суманд 03 дугаар сарын 30-ний өдөр ажиллалаа.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Увс аймгийн ЗДТГ-ын дарга С.Батжаргал, Завхан аймгий ЗДТГ-ын дарга Л.Лхамсүрэн, Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын дарга Х.Тилеген, Говь-Алтай аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Бат-эрдэнэ тэргүүтэй 25 хүн ажиллаж байна. Улсын тэргүүний сум шалгаруулах ажлын хэсэг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын соёлын ордонд төрийн алба хаагчидтай уулзалт хийж, “Улсын тэргүүний сум шалгаруулах” тухай, үндсэн шалгуур үзүүлэлт, ажлын хэсгийн зорилго, ажиллах зарчмын талаар мэдээллэв. Мөн Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг дарга Л.Баттулга сумын ерөнхий мэдээлэл, боловсрол, хөдөө аж ахуй, эдийн засаг, зах зээлийн эрэлт, нутгийн брэнд бүтээгдэхүүн, нийгмийн салбарыг хөгжүүлэх тэргүүлэх чиглэлийн үйлдвэрүүд болон төсөв, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын талаар товч мэдээлэл хийв.

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ганболдоор ахлуулсан Улсын тэргүүний сум шалгаруулах Баруун бүсийн зөвлөлийн ажлын хэсэг нь Монгол улсын Засгийн газрын 2009 оны 193 дугаар тогтоолоор баталсан “Улсын тэргүүний сум шалгаруулах болзол”-ын 19 шалгуур үзүүлэлт болон сумын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтүүдийн дагуу сумын ИТХ, ЗДТГ, албан байгууллагууд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, хууль тогтоомжийн хэрэгжилт, сумын хэмжээнд хийгдсэн бүтээн байгуулалтанд үнэлгээ хийлээ. Үнэлгээний дүнг 04 дүгээр сарын 04-ний өдөр Баруун бүсийн зөвлөлийн хуралд танилцуулах юм.

Завхан аймгийн Тосонцэнгэл сум нь Дархан Уул, Хайрхан, Улаантолгой, Рашаант, Баян-Улаан, Идэр, Оргих гэсэн 7 багтай, 2762 өрх, 9184 хүн амтай. Хүн амын тоогоор Завхан аймгийн 24 сумаас 2 дугаар байранд, газар нутгийн хэмжээгээр 3 дугаар байранд ордог аж.

                                                                                                                                                      Н.Лхагва

 

- share

Сэтгэгдэл (0)