Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тэргүүтэй ажлын хэсэг 03 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд Ховд аймагт ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Рентген дүрс оношилгооны тасаг, Гэмтэл, чих хамар, хоолой, эрүү нүүрний мэс заслын тасаг, Цусны салбар төв, гемодиализын үйл ажиллагаатай танилцлаа. Мөн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд эрүүл мэндийн анхан шатны яаралтай тусламж үйлчилгээний УАЗ Хантер авто машин болон автоклаб, центрбук зэрэг тоног төхөөрөмжийг гардуулан өглөө.

Эрүүл мэндийн салбарын анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор Ховд аймгийн хэмжээнд өнгөрсөн 2017 онд сумдын Эрүүл мэндийн төв болон Бүсийн оношилгоо эмчилгээний төв, эрүүл мэндийн газрууд төсөл, хөтөлбөр, Эрүүл мэндийн сайдын дэмжлэгтэйгээр 11 авто машиныг шинэчилсэн байна. Эрүүл Мэндийн Яам болон аймаг орон нутгийн зүгээс эрүүл мэндийн байгууллагуудад шаардлагатай байгаа техник, тоног төхөөрөмжөөр хангах ажлыг үе шаттайгаар хийсээр байна. Энэ нь хөдөө орон нутгийн ард иргэдэд эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээг хурдан шуурхай, чанартай хүргэхэд чухал ач холбогдолтой болохыг салбарынхан онцлон мэдээллэв.

Мөн энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нар Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн нэгдүгээр шатыг амжилттай зохион байгуулж, элэгний В, С вирусийн илрүүлэг шинжилгээнд орон нутгийн иргэдээ 100 хувь хамруулж, хүн амыг хорт хавдрын эрсдэлээс урьдчилан сэргийлэх үйлсийг манлайлан ажилласан Ховд аймгийн Мянгад, Мөнххайрхан, Мөст, Эрдэнэбүрэн сумын Засаг даргын Тамгын газарт өргөмжлөл гардуулан өгч, баяр хүргэлээ.

                                                                                                                                                                       Н.Лхагва

- share

Сэтгэгдэл (0)