Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй ажлын хэсэг орон нутгийн удирдлага, иргэдтэй уулзаж Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажил, цаашдын зорилтын талаар танилцуулах, тэдний санал хүсэлтийг сонсож тулгамдаж байгаа зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэх зорилгоор өнөөдөр Ховд аймагт ажиллаж байна. Түүнийг аймгийн Засаг дарга Д.Галсандондог болон аймаг орон нутгийн удирдлагууд “Ховд” нисэх онгоцны буудлаас угтан авч, Аймгийн төв талбайд Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн Цэргийн хүрээний хүндэт харуул жагсаж хүндэтгэл үзүүллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, УИХ-ын гишүүн О.Батнасан, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, Сангийн яамны дэд сайд Х.Булгантуяа тэргүүтэй холбогдох яамны удирдах ажилтан, төлөөллүүд ажиллаж байгаа юм.

Тус ажлын хэсэг аймаг орон нутгийн удирдлагуудтай тусгайлан уулзаж аймаг орон нутгийн цаг үеийн мэдээлэл сонсож, УИХ, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийг танилцууллаа. Мөн үргэлжлүүлээд БОЭТ, Онцгой байдлын газар, Ховд их сургуулиудаар орж танилцсан бөгөөд үргэлжлүүлэн Хөгжимт драмын театрт иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийх юм.

Харин маргааш Зэвсэгт хүчний 0123-р ангиар орж танилцах бөгөөд Эрдэнэбүрэн сумын Шижигтийн хавцал буюу Усан цахилгаан станц баригдах газарт очиж газар дээр нь танилцах юм.

 

Н.Лхагва 

 

 

- share

Сэтгэгдэл (0)