Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Суреш Бабу өчигдар Ховд аймагт ажлын айлчлал хийлээ. Тэрээр Ховд аймагт айлчлах үеэрээ аймгийн Музей, болон Манхан сумын 3 сэнхэрийн агуйд очиж, түүхэн дурсгалтай танилцсан байна. Үүний дараагаар Ховд аймгийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Батсүх тэргүүтэй удирдлагууд Элчин сайдыг хүлээн авч уулзан, цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо. Энэ үеэр БНЭУ-аас МУ-д суугаа Элчин сайд Суреш Бабу: Монгол, Энэтхэг хоёр улсын олон жилийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааны талаар танилцуулж, энэхүү харилцаандаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Мөн хоёр орны ард иргэдийн харилцааг илүү дотно болгодог зүйл бол бурхны шашин гэдгийг онцоллоо. Элчин сайд яриандаа: “Энэтхэгийн Ерөнхий сайд 2 жилийн өмнө Монгол улсад төрийн айлчлал хийж, 1 тэрбум ам.долларын зээлийн шугам нээснээ мэдэгдсэн. Одоогоор Монголын Засгийн газар энэхүү зээлийн шугамыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэхүү зээл нь Монгол орны хөгжил дэвшилд ахиц авч ирнэ гэдэгт итгэж байна. Үүнээс гадна Ерөнхий сайд Монгол улсаас 200 төрийн албан хаагчийг богино, дунд, урт хугацаагаар Энэтхэг улсад сургалтанд хамрагдах, мэргэжил дээшлүүлэх болсныг зарласан. Энэ бол хоёр орны харилцаа, холбооны үргэлжлэл юм” гэлээ. Ховд аймгийг төлөөлөн аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх: “БНЭУ-аас МУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Суреш Бабу таныг Ховд аймагт айлчилсан явдалд гүн талархал илэрхийлэхийн ялдамд Ховд аймгийн олон үндэстэн, ястан иргэдийн халуун дотно мэндчилгээг хүргэж байна. Манай аймаг МУ-ын Баруун бүсийн тулгуур төв, олон ястан үндэстэн амьдардаг аймаг. 85 мянган хүн амтай. 3 сая 280 мянган малтай. Бид аймгаа хөгжүүлэх чиглэлээр олон төсөл хөтөлбөр санаачлан ажиллаж байна. Энэ бодлого дээр Элчин сайд тусламж, дэмжлэг үзүүлж хамтран ажиллана гэдэгт итгэж байна. Бүс нутгийг эрчим хүчээр хангах зорилгоор Усан цахилгаан станц барих, түүнд түшиглэн Цементийн үйлдвэр барихаар төлөвлөөд байна. Энэ арга хэмжээг МУ-ын Засгийн газар дэмжиж байгаа. Таны айлчлалын үр дүнд эдгээр төслүүд дээр БНЭУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яам биднийг дэмжиж ажиллахыг хүсч байна.”гэв.


Ховд аймгаас уламжилсан санал хүсэлтийг сонсоод Элчин сайд ноён Суреш Бабу: “Миний бие Ховд аймагтай нягт хамтран ажиллана гэж бодож байгаа. Хэрэв танай аймгийн ЗДТГ-аас хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрөө МУ-ын ЗГ, Ерөнхийн сайдын ажлын алба, Гадаад харилцааны яамаар дамжуулан уламжилвал бидний зүгээс дэмжихэд бэлэн байна.”хэмээн хариуллаа. Энэхүү уулзалтын үеэр БНЭУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд англи хэлний мэдлэгтэй төрийн албан хаагчдийг Энэтхэг улсын Засгийн газрын хөтөлбөрөөр богино, дунд, урт хугацаанд мэргэжил дээшлүүлэх боломжтойг дахин онцолж Ховд аймгаас хамрагдах төрийн албан хаагчид хүсэлтээ ирүүлж шалгаруулалтад орвол дэмжихээ илэрхийллээ.

 

 

 

- share

Сэтгэгдэл (0)