Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг өөрийн байгууллагын харьяалан шалгах асуудалд хамаарах зөрчлүүдийг таслан зогсоох, авлигаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 2017 оны 10 дугаар сард Ховд аймагт ажиллаж, 5 сум, 12 төсвийн байгууллагын үйл ажиллагааны явц, хүний нөөц, төсөв санхүү, худалдан авах ажиллагаатай танилцаж, хяналт, үнэлгээ хийсэн юм. Тухайн ажлын явцад илэрсэн зөрчил, хууль тогтоомжийн хэрэгжилтийн нөхцөл байдал, дутагдлын талаар өнөөдөр буюу 02 дугаар сарын 27-ны өдөр “Цахим хурал” зохион байгуулж, аймаг, сум, байгууллагуудын удирдах, дунд шатны болон төсөв санхүү хариуцсан ажилтнуудад мэдээлэл хийлээ.

Энэ удаагийн цахим хуралд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, ЗДТГ-ын дарга Б.Ганболд болон дээрх хяналт, шалгалтанд хамрагдсан 5 сум, 12 төсөвт байгууллагуудын удирдах ажилтнуудаас бүрдсэн нийт 30 орчим хүн оролцов.

Цахим хурлын үеэр Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү хэлэхдээ: авлигын эсрэг хууль тогтоомж, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон аймгийн Засаг даргын нөөц хөрөнгийг зарцуулах зохих журмын хэрэгжилтийг хангах, төсвийг үр ашигтай зарцуулах, Төрийн албан хаагчдыг үндэслэлгүй халдаг, чөлөөлдөг асуудлыг зогсоох, сум хөгжүүлэх сангийн зээл олгох сонгон шалгаруулалтын ил, тод байдлыг сайжруулах, Худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа төсөвт өртгийг нэмэгдүүлж төсвийн үр ашигтай байх зарчмыг дээшлүүлэх зэрэгт анхаарч ажиллах хэрэгтэй” гэлээ. Үүнд аймаг орон нутгийн удирдлагууд анхаарч ажиллана хэмээв.

- share

Сэтгэгдэл (0)