Б.БАТЦЭНГЭЛ: ТУУШТАЙ ХӨДӨЛМӨР АМЖИЛТАНД ХҮРГЭНЭ

Чандмань сумын Сүлжээ багийн малчин Баатар-Аюушийн Батцэнгэл мал сүргээ таван төрлөөр өсгөн үржүүлэх, бэлчээрийн мал аж ахуйн уламжлалт арга ажиллагааг боловсронгуй болгох, малын ашиг шимийн гарц, чанарыг нэмэгдүүлэхэд гаргасан амжилтаараа Гал Тахиа жилийн “Аймгийн аварга малчин” боллоо. Өнөөдөр аймгийн ИТХ-ын төлөөлөгч Т.Баатарзориг, Н.Батцагаан, Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ш.Пүрэвхүү болон сумын удирдлагууд малчин Б.Батцэнгэл, түүний гэргий С.Наранцэцэг нарын аймгийн аваргын батламж, мөнгөн шагнал, дурсгалын зүйлийг гардуулан өгч баяр хүргэв. 
Сүлжээ багийн малчин Б.Батцэнгэлийн хувьд 10 гаруй жил мал маллаж, 2009 онд “Сумын аварга малчин” болжээ. Тэрээр Жаргалант хайрхан уул, Хатан Хар ус нуураа түшиглэж, тал хээр хосолсон сайхан нутагт эцэг эхийн малч удам, мал маллах арга туршлагыг үргэлжлүүлэн хөдөлмөрлөж байна. Түүний аав н.Баатар-Аюуш “Аймгийн аварга малчин”-аар хоёр удаа, ээж Ж.Дулам нь 2015 онд Монгол улсын “Гавъяат малчин” цолоор тус тус шагнагдсан аж.

Малчин Б.Батцэнгэл, түүний гэргий С.Наранцэцэг: залуу үеийнхэн эцэг эхийн заавар, сургаалийг хүлээн авч, хийж бүтээж буй зүйлдээ сэтгэл хангалуун байж, тууштай хөдөлмөрлөснөөр амжилтанд хүрч чадна. Бидний зүгээс аймаг орон нутагтаа хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж, “Аймгийн аварга малчин” гэсэн нэр хүндтэй шагналын эзэд болсондоо баяртай байна. Бид уг шагналыг цаашид мал аж ахуйн салбарт улам ихийг хийж бүтээх урам зориг хэмээн хүлээн авч байна гэлээ.

Гал Тахиа жилд Чандмань сумын нутгаар өвс ногоо тааруу байгаа боловч хашир туршлагатай малчид өнөтэй сайхан өвөлжиж, “Улсын аварга малчин”-аар нэг, “Аймгийн аварга малчин”-аар гурав, “Сумын аварга малчин”-аар зургаан малчин тодорчээ.

                                                                                                                                                                                             Н.Лхагва

- share

Сэтгэгдэл (0)