Д.ГАНБОЛД: 15 НАСТАЙДАА ЭМНЭГ ХАНГАЛ АДУУ СУРГАЖ БАЙЛАА...

Чандмань сумын Тахилт багийн малчин, 1981 оны эмнэг хангалын аварга, 1966, 2000, 2009 оны “Сумын аварга малчин” Дагвын Ганболд мал аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, өвөг дээдсийнхээ малч уламжлалыг залуу үедээ өвлүүлэх, мал сүргээ таван төрлөөр өсгөн үржүүлэхэд гаргасан амжилтаараа Гал Тахиа жилийн “Аймгийн аварга” малчин боллоо.

Аймгийн аварга малчин Д.Ганболдын хувьд 1968 оноос хойш тасралтгүй мал маллаж байна. Тэрээр малын чанарыг сайжруулахад анхаарч, дөрвөн цагийн улиралд малын бэлчээрийг хамгаалж, зүй зохистой ашиглаж, өвсний сорыг дагуулан малдаа тарга хүч авхуулж, отор нүүдэл байнга хийж байхыг залуу малчдадаа уламжиллаа. Мөн тэрээр эмнэг хангал адууг 15 настай байхдаа сургаж эхэлжээ. Энэ талаар дурсахдаа, нутгийн ахмад адуучин н.Харсуа гуайтай хамт адуу маллаж, ихэнхдээ Дөргөний хүрэн тал дээр адуугаа хариулж, өвлийн улиралд Завхан аймгийн Дөрвөлжин, Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд отор хийдэг байлаа. Нутгийн ахмад адуучнаас олон зүйлийг сурсан. Би анх морио бугуйлдаж чаддаггүй байлаа. Нэгдлийн хөгшин морьдыг ээрч байгаад хөлд нь сууж барьж унадаг байсан. Нэгэн удаа морио бугуйлдаж барьж чадалгүй элэг түрүүгээ харж чирэгдээд дээлнийхээ урд энгэрийг урж, цоолж байлаа. Тэгээд морь бугуйлдаж сурсан. Морь бугуйлдаж сурчихаад эмнэг даага сургаж, дараа нь бүдүүн хангал морь сургаж, цаашлаад хангал морины аль сайхнаас нь шилж унаж, нэгдлийн малчдын ноором төлөвлөгөөг хангаж явсан даа.... 
Нэгдлийн адуу хариулж байхад нутгийн доод хүрэн талд таана багсайн ургаж, цасан дээгүүр цайраад гараад ирчихдэг, адуу услахад шаргал тал, зам цэлийж надад их л хийморьлог санагддаг байлаа хэмээн хүүрнэсэн юм. 

                                                                                                                                                                         Н.Лхагва

- share

Сэтгэгдэл (0)