Монгол улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Хүний эрхийн төлөв байдлын ээлжит хэлэлцүүлгээс өгсөн зөвлөмжийн дунд хугацааны хэрэгжилтийн талаар үндэсний хэмжээний хэлэлцүүлгийг 3 үе шаттайгаар зохион байгууллахаар төлөвлөсөн байна. Анхдагч хэлэлцүүлгийг Хүний эрхийн Үндэсний Комисс, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх орон нутгийн үйл ажиллагаа” сэдвийн хүрээнд өнөөдөр буюу хоёрдугаар сарын 09-ны өдөр зохион байгууллаа. 
Хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага, баг, сургуулийн нийгмийн ажилтнуудаас бүрдсэн 20 гаруй хүн оролцож, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн өөрчлөлт, шинэчлэлт, тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээлэл солилцож, цаашид анхаарах асуудлуудын талаар ярилцлаа.

Хэлэлцүүлгийн үеэр удаа дараа хүчирхийллийн согтуугийн дуудлага мэдээлэл өгдөг айл өрхийг бүртгэл судалгаанд хамруулах, хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан болон үйлдэж болзошгүй сэжигтэй хүмүүсийн талаар тухайн нутаг дэвсгэрийг хариуцсан хэсгийн байцаагч, хэсгийн төлөөлөгч бүртгэл судалгаа хөтөлж, хяналт тавих, хүчирхийлэл үйлдэгчид “Хяналтын хувийн хэрэг” нээж хяналт тавих, хууль зүйн зөвлөгөө өгөх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хорооны хамтарсан багийг түшиглэж, тэдний оролцоотойгоор зохион байгуулах, Аж ахуйн нэгж болон төрийн бус байгууллагуудыг гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд татан оролцуулах, аюулын зэргийн үнэлгээ бодитоор хийх, хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажилд сум, багийн нийгмийн ажилтнууд болон гэр бүл хөгжлийн төвийн мэргэжилтнүүдийн оролцоог сайжруулах зэрэг саналыг оролцогчдын зүгээс гаргав. Хэлэлцүүлгийн үр дүнд гарсан санал, шийдвэрийг НҮБ-ын Хүний эрхийн дээд комисст хүргүүлэх юм. 
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Хүний эрхийн ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг нь НҮБ-ын гишүүн 193 улсын хүний эрхийн төлөв байдлыг 4,5 жил тутуам тогтмол дүгнэн хэлэлцдэг. Монгол улс хүний эрхийн төлөв байдлаа 2010, 2015 онд 2 удаа хэлэлцүүлж, нийт 160 зөвлөмж өгснөөс 150 зөвлөмжийг Монгол улсын Засгийн газар хэрэгжүүлэх үүрэг амлалт авч, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөгөө батласан байдаг аж.

                                                                                                                                        Н.Лхагва

- share

Сэтгэгдэл (0)