Ховд аймгийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажлуудын талаар иргэд хөдөлмөрчдөд мэдээлэл хүргэх, сум орон нутгийн мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтийн төлөв байдалтай газар дээр нь танилцах зорилгоор аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, Нийгмийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Дорж тэргүүтэй ажлын хэсэг Эрдэнэбүрэн суманд нэгдүгээр сарын 30-ны өдөр ажиллалаа.

 

Ажлын хэсгийнхэн Эрдэнэбүрэн сумын Соёлын төвд малчид, иргэд хөдөлмөрчидтэй уулзав. Энэ үеэр аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх Ховд аймгийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажил, 2018 оны бүтээн байгуулалт, өвөлжилтийн ерөнхий төлөв байдлын талаар мэдээлэл хийсэн бөгөөд малчид, иргэд хөдөлмөрчдийн санал хүсэлтийг сонслоо.

МАЛЧИД ӨВС, ТЭЖЭЭЛ НЭМЖ АВАХЫГ ХҮСЧ БАЙНА

Тухайлбал, малчид, иргэд хөдөлмөрчдийн зүгээс Хөшөөтийн уурхайн нүүрсийг хөнгөлөлттэй үнээр авах, Шургын гүүрнээс сумын төв хүртэл 20 км хатуу хучилттай зам холбоход анхаарч ажиллах, өвс, тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа талаар ярьж байв. Мөн одоогийн байдлаар сумын эмийн сангийн эргэлтийн нөөц бүрдүүлэх асуудал нэлээд хүнд байна. Цаашид эмийн сангийн үйл ажиллагааг сайжруулах, өрсөлдөгч эмийн сан бий болгох шаардлагатай байгаа талаар малчид, иргэд хөдөлмөрчид санал хүсэлтээ илэрхийлсэн юм.

СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД ЗАСВАР ХИЙХ ШААРДЛАГАТАЙ

Ажлын хэсгийнхэн Эрдэнэбүрэн сумын Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Сумын Эрүүл мэндийн төв нь 80 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ оны есдүгээр сард 80 жилийн ойн баярыг тэмдэглэх гэж байна. Энэ үеэр сумын Эрүүл мэндийн төвд засвар хийх шаардлагатай байгаа талаар аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүхэд хүсэлт уламжилж, халаалт сайн байгаа боловч цонх, хаалганаас дулаан алдаж байгаа талаар Эрүүл мэндийн төвийн хамт олон ярьж байв. Тус сумын Эрүүл мэндийн төв нь 10 ортой. Мал аж ахуйн баг тус бүрд эмч нар ажиллаж байна. Мөн өчигдөр аймгийн онцгой комиссын шийдвэрээр Эрдэнэбүрэн суманд БОЭТ-ийн нарийн мэргэжлийн эмч нарын баг ажиллаж, иргэдэд үзлэг оношлогоо үнэ төлбөргүй хийж, 300 мянган төгрөгний эмийн тусламж үзүүлсэн байна.

НҮХЭН БАЙРАНД ОРУУЛСАН МАЛ ДАРАГДАЖ ХОРОГДДОГГҮЙ ГЭВ

Ажлын хэсгийнхэн Хонгио багийн аймгийн аварга малчин Ц.Шүрхүүгийн мал аж ахуйн өвөлжилтийн төлөв байдалтай газар дээр нь танилцаж ажиллалаа. Аймгийн аварга малчин Ц.Шүрхүү нь 30 гаруй жил мал маллаж байгаа аж. Тэрээр энэ жил өвсний ургац муу байсантай холбоотой өвөлжилт хүнд, цаашлаад хаваржилт нэлээд хүнд болох төлөвтэй байна. Тиймээс малчдад хамгийн хэрэгтэй зүйл бол өвс, тэжээл гэдгийг онцлов. Аймгийн аварга малчин Ц.Шүрхүүгийнх одоогийн байдлаар 70 орчим ишиг, хурга нүхэн байранд оруулан тэжээж байна. Тэрээр нүхэн байранд оруулсан мал дарагдаж үхдэггүй, хэвтэр бууцандаа шээдэггүй, дулаан байдаг учраас малын хорогдол бага байдаг хэмээсэн юм.

  • Хонгио багийн аймгийн аварга малчин Х.Сэрдамбатай уулзаж, мал маллах арга туршлагаас сонслоо. Тэрээр 25 жил мал маллаж байгаа бөгөөд малчдын хувьд өвс тэжээл дутагдалтай, бэлэн мөнгөгүй байгаа нь түгээмэл байгаагийн зэрэгцээ энэ зун ургамалын гарц тааруу учраас малчид өвөлжилтийн бэлтгэлээ бүрэн хангаж чадаагүй, бэлтгэсэн гар тэжээлийн бэлдэц өвөл, хаврын урт өдрүүдэд хүрэлцэхгүй төлөв байдал ажиглагдаж байна хэмээн ярьлаа. Аймгийн аварга малчин Х.Сэрдамба гуайн хувьд модны навч, агь, чихрийн өвс, цахилдаг зэргийг ашиглаж төл малдаа гар тэжээл бэлтгэж өгдөг аж. Тэрээр урьд жилүүдэд өвсний ургалт сайн байсан учраас нэг тонн орчим гар тэжээл бэлтгэн авдаг байлаа. Энэ жилийн хувьд ургамалын гарцаас шалтгаалж улиас модны навч 60 уут, агь, цахилдаг, чихрийн өвс 6-10 орчим уутийг бэлтгэн авсан нь хавар тал малд өгөхөд хүрэлцэхгүй төлөвтэй байна хэмээв.

ЭРДЭНЭБҮРЭН СУМАНД НИЙТ 1723 ТОЛГОЙ МАЛ ХОРОГДСОН МЭДЭЭТЭЙ БАЙНА

Эрдэнэбүрэн сум 2017 оны жилийн эцсээр 212223 толгой мал буюу хонин толгойд шилжүүлснээр 306273 толгой мал тоолуулсан байна. Мал аж ахуйн 4 багтай бөгөөд 570 гаруй малчин өрх хөдөө мал маллаж байна. Агаарын температур өдөртөө хасах 32-35 с хэм, шөнөдөө хасах 35-42 с хэм хүйтэрч, сумын нийт нутаг дэвсгэрт 8-10 см зузаан цас орсон байна.

Эрдэнэбүрэн сумын хувьд Намарзан, Шураг, Хонгио, Хар ус багуудад бэлчээрийн даац хэтэрч, өвөлжилт, хаваржилт хүнд байгаа талаар малчид ярьж байна. Мал бэлчээрт гараад өвсгүй, малын хэвтэр бууц хөлдсөн, малын хорогдол өдөр бүр нэмэгдэж байгааг сумын удирдлагууд хэлж байлаа. Одоогийн байдлаар сумын хэмжээнд 1723 толгой мал хорогдсон мэдээтэй байна.

 

СУМЫН НӨӨЦӨӨС 1700 ГАРУЙ БООДОЛ ӨВСИЙГ МАЛЧДАД ТАРААЖЭЭ

 

Эрдэнэбүрэн сум өвсний аюулгүйн нөөцөд 1700 гаруй боодол өвс бэлтгэсэн бөгөөд нэгдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар малчдад бүрэн тарааж дууссан байна. Мөн аймгийн нөөцөөс хувиарласан 600 боодол өвс, 200 уут хивгийг татан авч, сумын малчдад хямд үнээр борлуулсан байна. Үүнээс гадна аймгийн хэмжээнд өрнүүлсэн Малчдадаа туслая” аяны хүрээнд Эрдэнэбүрэн сумын Засаг даргын захирамж гарч, албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэд хөдөлмөрчид идэвхитэй оролцож, 1 сая 500 мянган төгрөгний мөнгөн тусламж, бараа эд материал цугларсан байна. Тухайн хандив тусламжийг хоёрдугаар сараас эхлэн малчдын гар дээр хүргэх бөгөөд цугларсан мөнгөн хандиваар хөнгөлөлттэй өвс, тэжээл худалдан авч малчдадаа өгөхөөр төлөвлөж байгаа талаар сумын Засаг дарга У.Цэрэнтогтох мэдээллэв.

Мөн улсын онцгой комиссоос 1500 боодол өвс үнэгүй, 19 тн тэжээлийг 50 хувийн хямдралтай олгохоор болсон юм. Эрдэнэбүрэн сумынхан маргааш аймгийн төв орж тухайн өвс, тэжээлийг татан авах гэж байна.

Н.Лхагва


 

- share

Сэтгэгдэл (0)