МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Ховд аймгийн Мөнххайрхан сумын Засаг Даргын Тамгын Газар, аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоо хамтран Мөнххайрхан сумын “Малчдын зөвлөгөөн”-ийг өчигдөр буюу 1 сарын 25-нд сумын Соёлын төвд амжилттай зохион байгууллаа. 

Малчдын зөвлөгөөний гол зорилго нь сум орон нутгийн зүгээс малчдын талаар баримталж байгаа бодлого шийдвэр, төрийн байгууллагуудын хийж хэрэгжүүлж байгаа ажлыг малчдад мэдээллэх, сум орон нутгийн мал аж ахуйн салбарын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх, малчдын санал хүсэлтийг сонсоход чиглэж байсан юм. 

Мөнххайрхан сумын Малчдын зөвлөгөөнд аймгийн Засаг дарга  Д.Галсандондог, аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Баярсүх, аймгийн ХХААГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ш.Пүрэвхүү, Мөнххайрхан сумын ИТХ-ын дарга Я.Очир, сумын Засаг дарга Б.Батболд болон 200 гаруй малчид, иргэд  хөдөлмөрчид оролцлоо.

Зөвлөгөөний үеэр аймаг, сум орон нутгийн цаг үеийн ажлын болон өвөлжилтийн төлөв байдлын талаар аймаг, сумын Засаг дарга нар үйл ажиллагааныхаа тайланг тавьж, мэдээлэл хийлээ. Мөн мал аж ахуйн үйлдвэрлэлд ажиллагсад болон малчдын талаар авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, арга хэмжээний тухай малчидтай санал солилцлоо. Түүнчлэн Мөнххайрхан сумын Эрүүл мэндийн төв, Ус цаг уурын өртөөний үйл ажиллагаа болон “Малчдад тусалъя” сайн санааны аян, малчдын нийгмийн даатгал, тэтгэвэр тэтгэмж, хөдөлмөр халамж үйлчилгээний чиглэлээр холбогдох мэргэжилтнүүд малчдад  мэдээлэл өгсөн  юм. 

Энэ үеэр Аймаг орон нутгийн зүгээс мал аж ахуйн салбарт үр бүтээлтэй ажиллаж, эрдэнэт мал сүргээ таван төрлөөр нь өсгөж буй малчин иргэдийн хөдөлмөр зүтгэлийг үнэлж Мөнххайрхан сумын зургаан малчныг шагнаж урамшууллаа. Тодруулбал, Мөнххайрхан сумын Алаг багийн малчин Х.Хартолгой, Сэнхэр багийн малчин Д.Ундрам нарыг “Ховд аймгийн хүндэт тэмдэг”-ээр, Борт багийн малчин Н.Бүүвэйбаатар, Хаг багийн малчин Б.Давааням нарыг аймгийн Засаг даргын нэрэмжит  “Ховдын төлөө” медалиар, Борт багийн малчин Т.Пүрэвдаваа, А.Буянтогтох нарыг “Хүнс Хөдөө Аж Ахуйн Тэргүүний Ажилтан” цол тэмдэгээр тус тус шагнагдсаныг аймгийн Засаг дарга Д.Галсандондог гардуулан өгч,  халуун баяр хүргэсэн юм.   

МӨНХХАЙРХАН СУМАНД ГАДНЫ СУМУУДЫН 40,0 МЯНГА ГАРУЙ МАЛ ОТРООР ӨВӨЛЖИЖ БАЙНА

Мөнххайрхан суманд өөрийн сумын 140,188 толгой мал, Манхан, Чандмань болон Баян-Өлгий аймгийн Булган сумын нийт 40,0 гаруй толгой мал отроор өвөлжиж байна. Малчдын зүгээс сүүлийн жилүүдэд уур амьсгал, цаг агаарын байдал харьцангуй эрчимтэй өөрчлөгдөж, байгалийн тааламжгүй үзэгдэл ойрхон давтамжтайгаар тохиолдож, бэлчээрийн ургамалын гарц багасаж, даац хэтэрсэн, зах зээлд малыг гүйлгээнд оруулж борлуулах явдал хомс, малын гаралтай түүхий эдийн үнэ хямд зэрэг бэрхшээлтэй асуудлууд байгаа талаар ярьж байсны зэрэгцээ гадны сумын мал, малчин өрхүүдийг нутаг буцаах хүсэлтэй байгааг аймгийн Засаг даргад уламжлав. Гадны сумуудын мал их хэмжээгээр нутаглаж байгаа нь бэлчээр талхлагдаж, малчдын өвөлжөө, хаваржаанд сөрөг нөлөө үзүүлж байна гэлээ.  

Энэ асуудалд Аймгийн Засаг дарга Д.Галсандондог: “Энэ жил манай аймгийн нийт нутаг дэвсгэрийн бэлчээрийн даац хэтэрч, Монгол Улсын ЗГ-ын шийдвэрээр гадны сумуудын малыг нутаг буцаах асуудалд хориг тавигдсан төдийгүй Манхан, Чандмань суманд бэлчээр, ургамалын гарц байхгүй, өвөлжилт, хаваржилт хүнд байгаа учраас отроор өвөлжиж буй малчдыг дэмжиж, харилцан тохиролцож энэ өвөл, хаврыг хамтдаа гарз хохирол багатай даван туулахад анхаарах нь зүйтэй” гэдгийг онцлов.  

ӨВЛИЙН УЛИРАЛД МАЛД ТАРИЛГА ХИЙСНЭЭР МАЛЫН ХОРОГДОЛ НЭЛЭЭД  ГАРЧЭЭ    

Мөнххайрхан суманд нийт 1443 толгой мал хорогдож, 1028 мал хээл хаясан мэдээтэй байна. Борт багийн малчин Ц.Гансүх: Мал эмнэлэгийн үйлчилгээний чанарыг сайжруулж, малын вакциныг өвлийн улиралтай золгохоос өмнө хийж байхыг хүслээ. Учир нь тус суманд мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх малын вакцинжуулалтын ажлыг өвлийн сард хийснээс шалтгаалж малын зүй бус хорогдол нэлээд их гарсан тухай малчид ярьж, түүний  саналыг дэмжиж байлаа.  

МАЛ УГААХ АРГАЧЛАЛЫГ САЙЖРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ ГЭВ

Борт багийн малчин Т.Буянхишиг: мал угаах аргачлалыг сайжруулах шаардлагатай байна. Малыг шүршиж угаах нь оновчтой ажил биш, малыг шүршиж угааснаар мал дутуу угаагдаж улмаар малын үс ноосонд шимэгч хөрд хорхой бууж малын цусыг сорж, тарга хүчээ амархан алдахад хүргэдэг гэлээ. Ер нь Монгол малын мах амт, чанар сайтай, хэрэгцээ өндөр гэдэг ч бид мал махаа эрүүл гэдгийг олон улсад хүлээн зөвшөөрүүлж чадахгүй байгаа нь үүнтэй холбогдож болохыг тэрээр дурьдсан юм.  

МАЛЧИД ӨВС ТЭЖЭЭЛ НЭМЖ АВАХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА

Борт багийн малчин Ш.Сэр-од, Б.Болдхуяг, Алаг багийн малчин Б.Намсрай нар суманд өвс тэжээлийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа гэдгийг аймгийн Засаг даргад уламжлав. Харин Алаг багийн малчин Ц.Лхагва сумын урлаг соёлын байгууллагын үйл ажиллагааг идэвхижүүлэх, өргөжүүлэх, тарваганы тоо өсч байгаад анхаарал хандуулахыг  сум орон нутгийнхаа удирдлагуудад санал болгов.

ТЭТГЭВЭР ТЭТГЭМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ХУРДАН ШУУРХАЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ

Алаг багийн ахмад малчин Т.Батсүх: Төрийн үйлчилгээг шуурхай зохион байгуулж, ахмад малчдын тэтгэвэр тэтгэмжид хамрагдах явцад гарч ирж буй олон чигрэгдлийг багасгаж, архивын материалыг бэлтгэж, сумын иргэдэд хүрч ажиллахыг холбогдох газруудад уламжилж өгөхийг хүслээ.

“МАЛЧДАД ТУСАЛЪЯ” АЯНЫ ХАНДИВ, ЭД МАТЕРИАЛЫГ МАЛЧДАД ХҮЛЭЭЛГЭН ӨГӨВ  

Ховд аймгийн хэмжээнд өрнүүлсэн “Малчдад тусалъя” аяны хүрээнд сум орон нутгийн зүгээс уриалга гарган идэвхитэй ажиллаж, албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэд хөдөлмөрчдын зүгээс малчдад зориулсан мөнгөн тусламж, лаа, шүдэнз, бээлий, малын нэмнээ, элгэвч, чийдэн, саван, боок, шар будаа, гоймон зэрэг бараа, эд материалыг хандивлаж малчдад сайхан сэтгэлийн дэмжлэг үзүүлсэн байна. Малчдын зөвлөгөөний үеэр аяны хүрээнд цугларсан хандив тусламжийн бараа, эд материалыг малчдад хувиарлан өглөө. 

Мөн Мөнххайрхан сумын өвөлжилт хүнд байгаа учраас аймгийн Онцгой комиссийн шийдвэрээр 600 боодол өвс, 150 уут тэжээлийг олгосон бөгөөд  тухайн өвс, тэжээлийг сум орон нутаг хүлээн авч, малчдад 1 боодол өвсийг 4700 төгрөг, 1 уут тэжээлийг 13000 төгрөгөөр тус тус  хуваарилж  хүргүүлэн ажилласан төдийгүй өвс тэжээл нийлүүлэх тендерт шалгарсан “Жинст транс” ХХК, “Бадрангуй” ХХК-иудад өвс тэжээлийн захиалга хүргүүлэн ажиллаж байгаа хэмээн сумын Засаг дарга Б.Батболд мэдээллэв.

Малчдын зөвлөгөөнөөр малаа бодоод хүнээ мартдаг алдааг давтахгүй байх, цаг агаарын хүнд, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхэд хаа хаанаа анхаарч, байгалийн ямар ч гамшиг эрсдлийг гарз хохирол багатай даван туулах дадлага туршлага, боломж шийдлийг малчид өөрсдөө тодорхойлж, нэгдсэн зөмлөмж, уриалга гаргаснаараа чухал ач холбогдолтой байгааг орон нутгийн малчид, зохион байгуулагчдын зүгээс онцлон дурьдлаа.

Мөнххайрхан сумын хувьд жилд хоёр удаа “Малчдын зөвлөгөөн”-ийг зохион байгуулдаг уламжлалтай. Энэхүү уламжлалын дагуу 2018 оны эхний зөвлөгөөнийг ийнхүү амжилттай зохион байгуулсан юм.        

- share

Сэтгэгдэл (2)

  • Oyun

    АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.ГАЛСАНДОГДОГ ТЭРГҮҮТЭЙ АЖЛЫН ХЭСЭГ МӨНХХАЙРХАН СУМАНД АЖИЛАЛАА "Галсандогдог, ажилалаа " зөв үү? Цаашид анхаар!!!

    2018-01-26 17:03:38
  • Oyun

    АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.ГАЛСАНДОГДОГ ТЭРГҮҮТЭЙ АЖЛЫН ХЭСЭГ МӨНХХАЙРХАН СУМАНД АЖИЛАЛАА "Галсандогдог, ажилалаа " зөв үү? Цаашид анхаар!!!

    2018-01-26 17:03:43