Аймгийн Засаг дарга Д.Галсандондог тэргүүтэй ажлын хэсэг Манхан сумын баг, бригадын айл өрхүүдээр орсны дараа үргэлжлүүлээд сумын төвийн иргэд, хөдөлмөрчидтэй уулзлаа. Уулзалтаар иргэдийн санал хүсэлтийг сонсож, хүндрэлтэй байгаа зарим байгууллага, газруудаар орлоо.

Ийнхүү иргэдийн зүгээс гарч байгаа гол саналуудын нэг бол айл өрхүүдийн нүүрсний нөөц багасч байгаа учир нүүрсний талоныг тус суманд дахин олгохыг хүсч байв. Энэ асуудалд аймгийн Засаг дарга “Хөшөөтийн уурхай энэ их хүйтэнд замын хувьд тээвэр хийх боломжгүй болж байгаагийн дээр, нүүрс олборлох ажилд ч мөн хүндрэлтэй болж түр зогсолт хийх болсноо мэдэгдсэн. Эхний ээлжинд олгосон талоноо дуусгаад түр хаах  болсон. Харин уурхайн зориулалттай нунтаг нүүрсийг хэвийн олгоно. Тиймээс айл өрхүүдийн нүүрс хангах асуудал дээр Хөшөөтийн нүүрс хүрэхгүй болвол Хар тарвагатайгаас нүүрс татан нийлүүлэх арга хэмжээ авах боломжтой байгаа”-г мэдэгдлээ. 

Түүнчлэн Манхан суманд баригдсан Спорт цогцолборын барилгын 1 давхарын тааз зориулалтын бус материалаар хийгдсэнээс болж цөмөрч орсныг ажлын хэсгийнхэн газар дээр нь үзлээ. Тухайлбал, үзэгчдийн суудлын хажуугийн хонгил бүхий 1 давхарын тааз хэсэг газраа нурсан байв. Сумын удирдлагууд уг асуудлыг барилгын гүйцэтгэгч байгууллагад яаралтай арга хэмжээ авахыг мэдэгдсэн байгаа аж. Мөн тус барилгын хувьд шалны будаг, цемент хэд хэдэн газар ховхорсон, угаалгын өрөө агааржуулалт, халаалтгүй байгаа зэрэг хийгдэх шаардлагатай ажлууд дутуу байгаа юм байна.  

Мөн уулзалтаар иргэд сумын халуун ус ажиллах боломжгүй байгаа буюу чанаргүй хийгдсэнээс болж өвлийн энэ хүйтэнд ашиглах боломжгүй байгааг онцоллоо. Тиймээс цаашид сумын иргэдийн эрүүл ахуйн хэрэгцээг харгалзан үзэж суманд Халуун усны газар байгуулж өгөхийг хүсч байв.

ХҮҮХДҮҮДИЙН ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ ЭРХ ЗӨРЧИГДӨЖ БАЙНА

Түүнчлэн тус сумын цэцэрлэгийн байрны өнөөгийн нөхцөл байдал хүндхэн байгааг иргэд хэлж байв. Ингээд ажлын хэсгийнхэн тус цэцэрлэг дээр очиж танилцлаа. Цэцэрлэгийн байр дулаан алдалт их буюу голлон шал, цонх, хаалганаасаа дулаан алддаг байна. Мөн цэвэр бохирын шугам ажиллахгүй байгаа тул хүүхдүүд өвлийн энэ хүйтэнд гадна гарч бие засдаг байна. Уг нь тус цэцэрлэгийн барилгын хувьд 2008 онд ашиглалтанд орсон бөгөөд ашиглалтанд орсноос хойш 2 дахь удаагаа засварт орсон ч байдал төдийлөн сайжраагүйг цэцэрлэгийн удирдлагууд онцолж байв. Мөн цахилгааны монтаж гэмтэлтэй байгаа учир гал тогооны үйл ажиллагаа буюу хүүхдүүдийн хоол ундыг ихэвчлэн гал дээр хийдэг байна. Түүнээс гадна тус гал тогооны агааржуулалт муу учраас хана тааз цантаж, хөгцрөх асуудал их байдгыг уламжилж байв. Тиймээс ойрын хугацаанд тус барилгыг яаралтай их засварт оруулах буюу өргөтгөлийн асуудлыг шийдвэрлэж өгөхийг аймаг, орон нутгийн удирдлагуудаас хүслээ. Аймгийн засаг дарга цэцэрлэгийн асуудлыг анхааралдаа авч засварын ажлыг яаралтай шийдвэрлэхээ мэдэгдлээ.  

- share

Сэтгэгдэл (0)