Аймгийн Засаг дарга Д.Галсандондог тэргүүтэй ажлын хэсэг Манхан суманд өчигдөр буюу 1 сарын 23-нд ажиллалаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын зөвлөх Т.Баатарзориг, ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Б.Баярсүх, ХХААЖДҮГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Пүрэвхүү нар болон хэвлэл мэдээллийн төлөөлөл ажиллав.  

Энэ үеэр Засаг даргын 2017 оны үйл ажиллагааны тайлан болон хийж хэрэгжүүлсэн ажлуудын талаар танилцуулж, 2018 онд хийх ажлын төлөвлөгөө, зорилтуудыг танилцуулсан юм. Түүнчлэн Манхан сумын зарим малчдаар орж, санал хүсэлтийг нь сонсож, цаг үеийн мэдээ мэдээлэл солилцлоо. Мөн "Малчдадаа тусалъя" сайн санааны хандивын аяны хүрээнд цугларсан эд зүйлсийг малчдад хүргэн ажиллаж байна.   

Ажлын хэсэг Манхан сумын Баянгол баг, Улаанхүрээ багуудаар явлаа. Баянгол багийн малчдын хувьд усны хомсдол хамгийн тулгамдсан асуудал болоод байгаа гэнэ. Тухайлбал, Харганы эхийн усны ундарга муудаж горхи булаг нэлээдгүй ширгэсэн байна. Тиймээс Төгрөгийн голын уснаас зуны цагт голдрилоос нь салаалан Харганы эх рүү оруулах хүсэлт тавьж байв. Өнгөрсөн жил малчид сумын удирдлагуудтай хамтран замын компаний техник ашиглан усны шуудуу татсан боловч газрын хөрс рүү шургаж ороод төдийлөн үр дүнд хүрээгүй байна. Тиймээс энэ жил дахин шуудуугаа цементэлж байгаад усны асуудлаа шийдвэрлэхийг зорьж байгаа юм байна. Энэхүү ажилд санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байгааг аймгийн Засаг даргад уламжилан хүсэлт тавьж байлаа. Засаг дарга Д.Галсандондог уг асуудлыг анхааралдаа авч дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн юм.  

Малчдын хувьд энэ өвөл ойрын жилүүдэд болоогүй хүйтэн өвөл болж байгаа нь мал, малчдад хүндрэлтэй байгааг онцолж байв. Мөн зундаа гандуу байснаас үүдэн өвс ногоо бага гарсан учраас одоо орсон цасны доор ямар ч өвс байхгүй. Тиймээс цас ханзарч хавартай золгоход мал идэх өвсгүй болох төлөвтэй байна. Хамгийн гол нь цас ханзарсан ч идэх өвсгүй бол хаврын урт улиралд 6 сар хүртэл малчдад амаргүй байхыг олон хүн хэлж байлаа. Дашрамд дурдахад тус сумын зарим малчдын хувьд өвөлжөө нь идэх өвсгүй болж дээрээс нь өтөг бууц нь хөлдсөн байгаа тул хаваржаандаа буусан айлууд нэлээдгүй байлаа. Харин Засгийн газраас хөнгөлөлттэй үнээр олгож байгаа хорголжин тэжээл тус суманд хараахан очоогүй байгаа бөгөөд 2-3 хоногтоо очно гэдгийг албаныхан мэдээлж байв.

Мөн энэ үеэр Манхан сумын ИТХ-ийн төлөөлөгчдийн санаачилгаар ОНХС-ын санхүүжилтээр баригдсан мал угаах ванныг үзлээ. Тус мал угаах, ариутгах ванныг нийт 6 сая төгрөгийн төсвөөр хийж гүйцэтгэсэн бөгөөд малчдад үр дүнгээ өгсөн ажил болж байгааг сумын удирдлагууд онцолж байлаа.  

- share

Сэтгэгдэл (0)