Ховд аймгийн хэмжээнд цас орж, цаг агаар эрс хүйтэрсэнтэй холбогдуулан сум орон нутгийн мал аж ахуйн салбарын өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах зорилгоор аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг Зэрэг суманд нэгдүгээр сарын 21-ний өдөр ажиллалаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын зөвлөх Т.Баатарзориг, аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Баярсүх, аймгийн ХХААГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ш.Пүрэвхүү нар ажилласан юм.

                
            Ажлын хэсгийнхэн Зэрэг сумын Эхэн, Бураа, Бургасан, Гүвээ багуудын 10 малчин өрхийнд орж, малчидтай уулзаж, багуудын мал аж ахуйн өвөлжилтийн байдалтай газар дээр нь танилцлаа. Мөн малчдадаа туслах аяны хүрээнд цугларсан бээлий, шүдэнз, малын нэмнээ, тэжээл, давс, гурил зэргийг малчин өрхүүдэд хүргэж, тэдний санал хүсэлтийг сонслоо. Зэрэг сум нийт 196071 толгой малтай бөгөөд одоогоор өөр аймаг, сумдын нутагт 23354 толгой мал өвөлжиж байна. Сумын нийт нутгаар 10-15 см зузаан цасан бүрхүүл тогтсон бөгөөд агаарын температур өдөртөө хасах 23-25 хэм, шөнөдөө 38-40 хэм хүрч хүйтэрч байна. Нэгдүгээр сарын 17-ны өдрийн байдлаар тус суманд нийт 975 мал хорогдоод байна. Зэрэг сумын хувьд энэ жил 3514 тн хадлан, 303.4 тн гар тэжээл, 327 тн хужир шүүг тус тус бэлтгэж, дотоодын махны үйлдвэрүүдтэй мал, мах нийлүүлэх гэрээ хийж 60.0 мянга орчим толгой малын борлуулалт хийжээ.

                   
          Ажлын хэсгийнхэн иргэд хөдөлмөрчидтэй хийсэн уулзалтаараа Ховд аймгийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, 2017 онд хийсэн бүтээн байгуулалтын ажлууд, өвөлжилт, хаваржилтийн төлөв байдал болон ЗГ-ын шийдвэрийн дагуу ноосны урамшууллаар малчдад хөнгөлөлттэй үнээр өвс тэжээл олгох тухай, сум орон нутгийн хэмжээнд тусгагдсан томоохон хөрөнгө оруулалт, төсвийн талаар тус тус мэдээлэл хүргэж, иргэд хөдөлмөрчдийн санал хүсэлтийг сонслоо. Мөн Зэрэг сумын 30 гаруй аж ахуйн нэгж, албан байгууллагыг нэгдсэн дулаанаар хангаж буй “Тээлийн илч” ОНӨТҮГ-ын уурын зуухны үйл ажиллагаатай танилцлаа. Тээлийн илч ОНӨТҮГ нь 4 ээлжийн 16 галчтай. Өдөрт 8-9 тн нүүрс ашигладаг. 1.2 мв болон 1.8 мв-ын хоёр тогоо, 10 гаруй нацос ажиллуулж, үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна.

- share

Сэтгэгдэл (0)