Ховд аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Д.Галсандондогоор ахлуулсан ажлын хэсэг болон аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүхээр ахлуулсан ажлын хэсгүүд сумуудад өнөөдрөөс ажиллаж эхэллээ. Тус ажлын хэсгүүдийн бүрэлдэхүүнд ЗДТГ-ын төлөөлөл, ХХААГ-ын төлөөлөл, Эрүүл мэндийн салбарын төлөөлөл, БСУГ-ын төлөөлөл ХХҮХ-ын төлөөлөл, Байгаль орчны газрын төлөөлөл, ЭМНДХ-ийн төлөөлөл, хэвлэл мэдээллийн төлөөлөл зэрэг өргөн бүрэлдэхүүнтэй баг 16 суманд хоёр ажлын хэсэг болон ажиллаж байна.    

Энэ хүрээнд сум орон нутгийн өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцах, үнэлэлт дүгнэлт өгч, зохих арга хэмжээ авах юм. Мөн нийт иргэд, хөдөлмөрчдөд аймгийн нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал, 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажил, 2018 онд хийх томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулж, иргэдийн санал хүсэлтийг сонсож, сонирхсон асуултанд хариулж явна.   

Аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Д.Галсандондогоор ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Чандмань суманд ажиллаа. Тус сумын хувьд зун өвсний гарц муу дээрээс нь ихэнх нутгаар цасан бүрхүүл тогтсон, хүйтэн жавартай байгаа тул өвөлжилт хүндрэх нөхцөл болж байгааг хэлж байлаа. Энэ үеэрээ аймгийн Засаг дарга, онцгой комиссын дарга Д.Галсандондог Малчдадаа тусалъя сайн санааны аяны хандивын гурил будаа, лаа шүдэнз, нэмнээ бээлий зэргийг малчдадаа гардуулан өгөв. Мөн Чандмань сумын Засаг дарга Б.Галбадрах сумынхаа өвөлжилт, отор нүүдэл, малчдынхаа талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээнийхээ тухай ажлын хэсгийнхэнд мэдээлэл өглөө. Маргааш буюу 1 сарын 19-нд Дарви суманд, 20-нд Цэцэг сум, 21-нд Зэрэг сум, 22-нд Манхан суманд ажиллана. 1 сарын 24, 25-ны өдрүүдэд Мөст, Мөнххайрхан сумуудад ажиллах юм 

Харин хоёрдугаар ажлын хэсэг буюу аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүхээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Булган суманд ажиллаа. Булган сумын тухайд энэ жил өвөлжилт бусад сумдыг бодвол харьцангуй хэвийн байгаа юм. Ингээд тус ажлын хэсэг маргааш буюу 1 сарын 19-нд Үенч, Алтай сумуудад ажиллах юм. Үргэлжлүүлээд 1 сарын 20-нд Ховд сум, 21-нд Эрдэнэбүрэн сум, 22-нд Дөргөн сум, 23-нд Мянгад, Буянт, 24-нд Дуут сумуудад тус тус ажиллана.   

- share

Сэтгэгдэл (0)