Жаргалант сумын Бугат багийн иргэн Б.Ариунболдынх 2017 оны 12 сарын 30-нд гал түймэрт өртсөн байна. Тухайн өдөр гэрт нь 5, 6 настай хоёр хүүхэд байсан бөгөөд тэд цахилгааны улмаас гал гарч эхлэнгүүт яаралтай гэрээс гарч ээж рүүгээ утасдан мэдэгдсэнээр галын аюулаас холуур өнгөрчээ. Гал гарсан дуудлагын дагуу Онцгой байдлын газрын гал түймрийн алба хаагчид тухайн газар дээр яаралтай очиж шуурхай арга хэмжээ авчээ. Азаар хүүхдүүд эсэн мэнд үлдсэн ч гэрийн доторх тавилга хэрэгсэл болон байшингийн дотор хэсгийн хоёр өрөө галд өртөж өвлийн энэ хүйтэнд орон гэргүй болоод байгаа бөгөөд одоогоор айлын гэрт түр байрлаж байгаа юм байна.  

Тиймээс аймгийн Онцгой комиссын даргын шийдвэрээр тус айлд 1 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ. Тус мөнгөн тусламжийг үзүүлэхээ мэдэгдэн аймгийн Онцгой комиссын дарга, Засаг дарга Д.Галсандондог өнөөдөр газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцлаа.

Мөн ХХҮХ-ийн зүгээс гал түймэрт өртсөн айл өрхөд олгох журмын дагуу мөн 1,2 сая төгрөг олгох юм байна. Түүнчлэн Б.Ариунболд нь Ховд дулааны станцад ажилладаг бөгөөд байгууллага хамт олных нь зүгээс 1,6 сая төгрөгийн мөнгөн тусламж болон эд материалын болон бусад зүйлсээр тусалж байгаа аж. Хүйтний энэ улиралд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд бага насны хүүхдүүдээ ямар нэгэн байдлаар хараа хяналтгүй гэртээ үлдээхгүй байхыг аймгийн Онцгой комиссын зүгээс анхааруулж байна.   

- share

Сэтгэгдэл (0)