УИХ-ын дэргэдэх Өргөдлийн байнгын хороо өнөөдөр Уул уурхай болон ашигт малтмалын улмаас эвдэрч сүйдсэн талбайг нөхөн сэргээх, яаралтай арга хэмжээ авч ажиллах талаар 21 аймгийн удирдлагууд, холбогдох мэргэжилтнүүдтэй цахим хурал хийлээ. Уг хурлаар нөхөн сэргээлт нэрийн дор ашигт малтмал олборлох үйл ажиллагааг таслан зогсоох, бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмыг боловсронгуй болгох, хяналтыг сайжруулах, хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр ярилцлаа. Үүнтэй холбоотой УИХ, Засгийн газраас гарч буй аливаа тогтоол шийдвэрийн биелэлтүүдийг хэрэгжүүлж ажиллах талаар үүрэг чиглэл өглөө. Ховд аймгийн хувьд 6 сумын 11 байршилд 110 гаруй га газар нөхөн сэргээлт хийгдэх шаардлагатай байгаа юм байна. УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг хэлэхдээ “Байгаль орчны доройтол, нөхөн сэргээлт бол мөнхийн сэдэв мэт яригдах болно. Тиймээс үүнд хаа хаанаа анхаарч ажиллах, байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалж ажиллах шаардлагатай байна. Хамгийн гол нь хуулийг хэрэгжүүлж ажиллахыг шат шатны удирдлагуудад анхаарах хэрэгтэй байна” гэж онцоллоо.  

- share

Сэтгэгдэл (0)