Аймгийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Уг зөвлөгөөнөөр “Өвөлжилтийн бэлтгэл болон цаг үеийн ажлын явц”, “Шинэ санаачилга, бүтээлч ажлын тухай”, Малчдад туслах аян өрнүүлэх тухай, Мал гоц халдварт мялзан өвчний тухай зэрэг цаг үеийн асуудлуудын талаар хэлэлцлээ.   

Хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлын хувьд аймгийн аюулгүйн нөөцийн өвс 200тн, тэжээл 50тн бэлтгэхээс бүрэн бэлтгэгдсэн, 100тн буюу 20кг-тай 5000 прэсс өвс авахаас 4000 прэсс өвс буугаад байна. Сумуудын хувьд аюулгүйн нөөцийн бэлтгэл 49,8 хувьтай байна. Гар тэжээл бэлтгэл нийт сумуудын хувьд тааруу дүнтэй байна. Сумуудын түвшинд албан байгууллагууд жилд дунджаар 600-1900тн нүүрс хэрэглэдэг, айл өрхүүд 630-1750 тн хэрэглэдэг. Нүүрс татан авалт дунджаар 75-80 хувьтай байна. Хөшөөтийн нүүрсийг айл өрхүүд 25000 төгрөг, албан байгууллагууд 60-75 мянган төгрөгийн хооронд авахаар гэрээ хийгдсэн. Одоогийн байдлаар хөрс хуулалтын нөхцөл байдлаас үүдэн нүүрс төдийлөн бүрэн хангагдаагүй байна. Гэхдээ хийгдсэн гэрээ хэлэлцлийн дагуу ард иргэдийг хямд, чанартай нүүрсээр хангах үүрэг чиглэлийг холбогдох байгууллагуудад өгөөд байгаа юм. Төв суурин газруудын өвөлжилтийн бэлтгэл хэвийн хангагдаад явж байгаа бөгөөд ЭСБА-ийн байрнуудын халаалтын асуудлыг жигдрүүлэх ажил хийгдэж байгаа бөгөөд тус байрны 48 айлын орон сууц хэрэглээний халуун усгүй байна. 

Шинэ санаачилга бүтээлч ажлын хүрээнд байгууллага аж ахуй нэгжүүд үндсэн эрхлэх үйл ажиллагаанаас гадна олон нийтийг хамарсан бүтээлч ажлуудыг хийхээр үүрэг чиглэл өгөөд байна. Энэ хүрээнд Жаргалант сумаас төлөвлөгөө, төсөл гарган байгууллагуудад чиглэл өгөх бөгөөд хийгдэх ажлуудтайгаа уялдуулан дор бүрнээ шинэ санаачилга гарган бүтээлч ажлуудыг хийж орон нутагтаа хөрөнгө оруулалт хийх юм.  

Өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа тул эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Малчдад туслах аян” өрнүүлэхээр аймгийн Засаг даргын захирамж гарч ажлын хэсэг томилогдоод байна. Аливаа эрсдэлийг хохирол багатай даван туулахын тулд хаа хаанаа бэлтгэлээ сайн базааж чадвал бид цаг үеийн хүндрэлийг гарз багатай даван туулах юм. Тиймээс бүх байгууллага аж ахуй нэгж, хувийн хэвшил олон нийтийг энэхүү аянд нэгдэж хамтын хүчээр өвлийг өнөтэй даван туулахыг уриалж байна.  

Мянгад суманд Малын гоц халдварт Мялзан өвчин гарч хоёр айлын 12 төл мал өвчилсөн. Өнгөрсөн жилийн төл малуудад вакцин хийгдээгүй байсан учраас ийнхүү халдвар үүсээд байна. Энэ хүрээнд шуурхай арга хэмжээ авч вакцин хийж халдварыг цааш тархаахгүйн тулд сумын хэмжээнд хөл хорио тогтоон пост ажлуулж халдваргүйтгэл хийгдээд байна. 

- share

Сэтгэгдэл (0)