Өнөөдөр бүх нийтээр мод тарих үндэсний өдөр тохиож байна. Ховд аймгийн хувьд аж ахуй нэгж, албан байгууллага, айл өрх бүр мод тарьж уг арга хэмжээнд идэвхтэй оролцлоо. Жаргалант сумын хувьд аймгийн төвийн дээд хэсэгт Улиас тарьсан бол төв хэсгээр гудамжны хайсуудад гоёлын мод тарилаа. Өнөөдрийн үйл ажиллагааны хүрээнд урьдчилсан дүнгээр 8500 гаруй мод тариад байна гэсэн мэдээ байна. Мод тарих үйл ажиллагаанд оролцсон байгууллага, сум, багуудын нэгдсэн дүн мэдээг Даваа гарагт нэгтгэх бөгөөд эцсийн дүнг дахин мэдээлнэ хэмээн аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас мэдээллээ. Энэхүү өдрийг Ерөнхийлөгчийн зарлигаар Үндэсний мод тарих өдөр болгон зарласнаас хойш долоо дахь жилдээ тарьж байгаа юм.    

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт манай орны хувьд ч сөргөөр нөлөөлж, гол горхи ширгэж, цөлжилт эрчимтэй явагдаж, хуурайшилт ихэсч байгаа энэ үед бид нэгдсэн зохион байгуулалтаар үндэсний хөдөлгөөн өрнүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг эрдэмтэд онцолдог. Тиймээс мод тарих үйл ажиллагаанд хүн бүрийн оролцоо чухал юм.  Мөн арчлан хамгаалж ургуулах тал дээр онцгойлон анхаарахыг Байгаль орчин аялал жуулчлалын газраас албан байгууллагуудад үүрэг болголоо.  

- share

Сэтгэгдэл (0)