Засаг даргын захирамжаар аймгийн төсөв санхүүгийн өр авлагын нөхцөл байдлыг үнэлэх, барагдуулах талаар ажлын хэсэг байгуулагдаж өнөөдөр хуралдлаа. Энэхүү хурлыг аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, Ч.Уранчимэг, ЗДТГ-ын дарга Б.Ганболд нар ахалж өр авлагыг барагдуулах талаар нэгдсэн мэдээлэл сонсож үүрэг чиглэл өглөө. 

Ховд аймгийн хэмжээнд 9 сарын 30-ны байдлаар Орон нутгийн хөгжлийн сангийн авлага 1,3 тэрбум төгрөг байна. Харин Сум хөгжүүлэх сангийн 4,1 тэрбум төгрөгийн авлага буюу зээл олгогдсон дүнтэй байна. Гэхдээ тус сангийн зээл нь эргэн төлөлт орж ирээд буцаад гардаг учраас ийнхүү өндөр харагдаж байгаа хэдий ч зээлийн эргэн төлөлт хийгдэхгүй, удаашралтай байгаа, зориулалт бусаар зарцуулсан сумууд нэлээдгүй байгаа учраас зөрчил дутагдлыг арилгуулах талаар ажлын хэсгийнхэнд үүрэг чиглэл өглөө. Тухайлбал, Жаргалант сум 1 тэрбум, Булган сум 375,1 сая, Дөргөн сум 354,4 сая төгрөгийн зээлийн олгосон дүнтэй байна. 

Түүнчлэн хөрөнгө оруулалт, сангуудын хувьд аймаг хөгжүүлэх сан 126,3 сая, ОН-ийн хөрөнгө оруулалт 422 сая, улсын төсвийн хөрөнгө оруулалт 191,7 сая, Хөшөөт хөгжил сан 93,9 сая, эмийн эргэлтийн сан 7,3 сая төгрөгийн тус тус авлагатай байна. Харин аймгийн хэмжээнд 1,4 тэрбум төгрөгийн өглөгтэй байна. 

Ж.САРУУЛ

- share

Сэтгэгдэл (0)