Өнөөдөр аймгийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Энэхүү зөвлөгөөнөөр дараах асуудлуудыг авч хэлэлцлээ. Тухайлбал, Өвөлжилтийн бэлтгэл ажил буюу халаалт дулаан өгөхтэй холбоотой ажлын явц, “Цэвэрч Ховдчууд” аяны хүрээнд хийгдэж байгаа Нийтийн их цэвэрлэгээний ажил, аймгийн Засаг даргын тамгын газарт хийгдсэн Сангийн яамны шалгалтын дүн мэдээлэл цаашид анхаарах асуудлууд болон бусад холбогдох газруудын санал, хүсэлтийг  сонсож үүрэг чиглэл өглөө.

Халаалтыг батлагдсан хуваарийн дагуу 10 сарын 1-ээс өгөх бөгөөд Ховд дулааны станцын хувьд халаалт өгөх бэлтгэл ажил ерөнхийдөө хангагдсан байна. Харин “Бадамлах дөл” дулааны станцын удирдлагууд шуурхай зөвлөгөөнд ирж оролцсонгүй. Гэхдээ халаалтыг хуваарийн дагуу өгнө гэдгээ мэдэгдсэн байна. Энэ өвлийн тухайд хүйтэн өвөл болох учраас халаалтын шугам сүлжээ болон бусад бэлтгэл ажлуудаа эртнээс базааж бэлтгэлээ хангахыг аймгийн удирдлагуудын зүгээс холбогдох газруудад үүрэг чиглэл өгөөд байгаа. Тэгэхээр ард иргэдийн хувьд ч гэсэн түлээ нүүрсний татан авалтаа эртнээс хийх нь зүйтэй байх. Дашрамд дуулгахад Хөшөөтийн уурхайн нүүрс энэ жил ард иргэд аж ахуй нэгжүүдэд хямдралтай үнээр олгогдож байгаа юм. Мөн алслагдсан бүс нутгуудад цахилгааны шөнийн тарифийн хөнгөлөлт тооцогдож эхлэх юм байна. Энэ нь автомат тоолууртай айл өрхүүдэд мөрдөгдөх ажээ. Ховд хотын хэмжээнд автомат тоолууртай 10.000 гаруй хэрэглэгч байдаг байна.

- share

Сэтгэгдэл (0)