You are here: Home Мэдээ мэдээлэл Нийгэм эдийн засаг Боловсрол 2013 он

Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

7043-1111

МОНГОЛ БАРАА

Боловсрол
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЧИГЛЭЛЭЭР 2013 ОНД ХИЙГДСЭН АЖИЛ

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЧИГЛЭЛЭЭР 2013 ОНД ХИЙГДСЭН АЖИЛ:


Шинэчлэлийн Засгийн газрын хөтөлбөр, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор “Багшийн хөгжил”, “Ном”, “Авъяас”, Алтан өв”, “Аваргууд”, “Цахим эмнэлэг” хөтөлбөрүүдийг иргэд олон нийтийн оролцоотойгоор боловсруулж, ИТХ-аар батлуулан хэрэгжүүлж байна.

 

Аймгийн 2-14 насны бүх хүүхдийг бүртгэлжүүлэн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн хамран сургалтыг бодитой болгож, хүн амын тоо, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарь, хүчин чадал зэргийг нь харгалзан аймгийн сургууль, цэцэрлэгүүдийн хамран сургах тойргийг шинэчлэн тогтоолоо.

 

Одоогийн байдлаар ерөнхий боловсролын 24 сургуулийн 679 бүлэгт 17869 хүүхэд суралцаж, 2013-2014 оны хичээлийн жилд суурь боловсролын хамран сургалт 92,4 хувь буюу өмнөх оныхоос 0,8 хувиар нэмэгдэж, сургуулийн өмнөх боловсролын төрийн өмчит 28, хувийн өмчит 2, нийт 30 цэцэрлэг, Булган сумын 2 баг, Үенч, Зэрэг, Мянгад, Цэцэг сумын Хөшөөтийн уурхайд нийт 6 багийн цэцэрлэгт 6116 хүүхэд хамрагдаж, хамран сургалт өмнөх оныхоос 2,4 хувиар өслөө.

 

Орон нутаг, сургуулийн онцлогоос хамаарч хүүхэд бүрийн авьяас чадварыг хөгжүүлэх 683 дугуйланд 17739 хүүхэд хамрагдаж, аймаг, сумдын орон нутаг хөгжүүлэх сангаас “Авьяас”, ”Ном”, ”Багшийн хөгжил” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд  нийт  344,8 сая төгрөг зарцууллаа.

 

Боловсрол, шинжлэх ухааны яам, орон нутгийн төр захиргаа, төсөл хөтөлбөрийн байгууллагуудтай хамтран боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх сургалтын арга зүйг түгээн дэлгэрүүлэх 33 төрлийн мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулж давхардсан тоогоор 2621  багш, удирдах ажилтан, тогооч, нярав, дотуур байрны багш, ажилтан иргэдийг  хамруулав.

 

Энэ онд албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрийн сургалтанд 913 хүүхэд залуус хамрагдсанаас 53 суралцагч ерөнхий боловсролын сургуульд шилжин суралцаж, 186 суралцагч суурь болон бүрэн дунд боловсрол эзэмшив.

 

Шинэчлэлийн Засгийн газрын хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор аймаг, сумдын албан бус боловсролын “Гэгээрэл” төвүүдийг “Насан туршийн боловсролын төв” болгон шинэчлэн байгуулж, үйл ажиллагааг нь өргөжүүлэн ажиллуулахаар орон тоо, бүтэц болон бэлтгэл ажлыг хангаад байна.

 

Сургууль төгсөгчдийн ерөнхий эрдмийн хичээлийн шалгалтын дундаж оноо  502,3–д хүрч улсын хэмжээнд 6 дугаар байрт шалгарлаа. Мөн баруун бүсийн ууган сургууль болох Жаргалант сумын 1 дүгээр сургууль аймагтаа боловсролын байгууллагуудаас анх удаа төрийн дээд шагнал “Алтан гадас одон”-гоор шагнагдлаа.

 

Ховд Их сургуульд 245 багш, ажилчид ажиллаж, нийт 3000 гаруй оюутан суралцаж байгаагаас бакалаврын сургалтанд 35 мэргэжлээр 2207, магистантурт 10 мэргэжлээр 580, докторантурт 5 мэргэжлээр 29 оюутан, гадаадын 15 оюутан, “Хөгжил” политехник коллежид 130 багш ажиллаж, 22 мэргэжлээр 1218 оюутан тус тус суралцаж байна. 2012-2013 оны хичээлийн жилд Ховд Их сургуулийг 35 мэргэжлээр 714 оюутан, “Хөгжил” политехник коллежийг 24 мэргэжлээр 528 суралцагч төгссөнөөс ажил эрхлэлт 62,0 хувьтай байна.

 

“Хөгжил” политехник коллеж техник, технологийн шинэчлэл хийх чиглэлд Щвейцарийн хөгжлийн агентлагтай хамтран ажиллаж баруун бүсийн мэргэжлийн боловсролын сургууль төслийн хүрээнд жимс жимсгэнэ, хүнсний ногоо, самар даршлагч үйлдвэрлэлийн технологийн ажилтан бэлтгэх мэргэжлийн хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж, 100 сая төгрөгийн тоног төхөөрөмж суурилуулах бэлтгэл хангаад байна. Мөн Монголын Мянганы Хөгжлийн сангийн төслөөр хүнд машин механизмын оператор, барилгын цахилгаанчны ангийг нээж иж бүрэн техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангагдлаа.

 

Ховд Их сургуулийн дэргэд “Инноваци технологийн инкубатор төв байгуулагдан, үйл ажиллагааны хөтөлбөрийн төслөө боловсруулж, инноваци технологийн чиглэлээр хэрэгжүүлж болох 10 гаруй үйлдвэрийн судалгаа, боломжит бүтээгдэхүүний технологи, эрдэм шинжилгээний ажлын жагсаалтыг гаргаад байна.

 

Аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, залуучуудын байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн “Ажлын гараа”, “Сумын залуус” хөтөлбөрт 83 оюутан залуучуудыг хамруулж, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгээр хэрэгжих “Залуучуудын хөгжил” төслийн хүрээнд ирэх онд “Залуучуудын хөгжлийн төв”-ийг байгуулан ажиллуулахаар боллоо.

 

Боловсролын байгууллагын материаллаг баазыг бэхжүүлэх, суралцагсдын суралцах, хөгжих таатай орчинг бүрдүүлэхэд анхаарч улсын болон олон улсын байгууллагын хөрөнгө оруулалтаар 3 тэрбум гаруй төгрөгийн барилга байгууламж шинээр барьж, 703,3 сая төгрөгийн их засвар, 197,4 сая төгрөгийн тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдлээ. Тухайлбал: Жаргалант сумын 1 дүгээр сургууль, Дөргөн, Булган, Чандмань сумдын  сургуулийн хичээлийн байрны өргөтгөл, Мөст, Жаргалант сумын 4 дүгээр цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлж, Булган сумын Минжит Булган цогцолбор сургууль, Алтай сумын сургууль, Жаргалант сумын 2 дугаар сургууль, Булган сумын цэцэрлэг, Жаргалант сумын  3, 12  дугаар цэцэрлэгийн барилга, хүүхдийн Баянбулаг зуслангийн их засварын ажлуудыг хийлээ.

 

Цаашид 2014 онд хийгдэх ажлууд:

  • -ЕБС-д суралцагчдад хүртээмжтэй, чанартай, хэрэгцээнд нь нийцсэн боловсрол эзэмших тэгш боломжийг бүрдүүлж, суурь боловсролын хамран сургалтыг 93.6 хувьд хүргэнэ.
  • -Багуудад гэр цэцэрлэг байгуулж, үйл ажиллагааг нь тогтмолжуулан, сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг 78.5 хувьд хүргэж, цэцэрлэг байгуулах, хүүхэд харах, асрах үйлчилгээ нээж ажиллуулахыг дэмжинэ.
  • -Багшийн мэргэжил, арга зүйн хөгжил, ёс зүй, нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Багшийн хөгжил”  дэд  хөтөлбөр хэрэгжүүлнэ.
  • -Хүүхдийн авьяас, билгийг багаас нь нээн хөгжүүлэх зорилгоор ”Авьяас”, “Ном”, “Оюунлиг-Ховд” хөтөлбөрийг бусад хөтөлбөрүүдтэй уялдуулан олон нийтийн оролцоонд тулгуурлан хэрэгжүүлж, Монгол ухаан, зан заншил, үлгэр, туульсын гэр өргөө ажиллуулна.
  • -Насан туршийн боловсрол төвийг байгуулж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэн иргэдэд амьдрах ухааны боловсрол олгох, насан туршийн боловсролын нэгжийн үйл ажиллагааг тогтмолжуулна.
  • -Сургууль, цэцэрлэг, соёлын байгууллагын мэдээлэл харилцааны технологийн тоног төхөөрөмжийн хангамжийг сайжруулж, цахим сургуулийн тоог нэмэгдүүлнэ.
  • -Дотуур байрны үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, тоног төхөөрөмжийг сайжруулна.
  • -Мөст, Чандмань сумын сургуулийн дотуур байрны барилгыг шинээр барьж эхлүүлнэ.
  • -Дөргөн, Үенч, Чандмань, Жаргалант сумын I сургуулиудын барилгын өргөтгөлийг барьж ашиглалтанд оруулна.
  • -“Ховд” Их сургууль, “Хөгжил” политехник коллежийг түшиглэн инноваци технологийн инкубатор төвийг байгуулна.
  • -“Хөгжил” политехник коллежийн техник, технологийн шинэчлэл хийж, сургалтын хөтөлбөрийг нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй нийцүүлэн шинэчилж, түншлэлийг өргөжүүлнэ.
  • -ХоИС-д сургуулийн өмнөх боловсролын багш, инженер техникийн мэргэжилтэн бэлтгэх ангиудыг шинээр нээж, ерөнхий боловсролын багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтыг өргөжүүлнэ.
  • -Баруун бүсийн хүүхдийн нэгдсэн чуулган, ардын язгуур урлагийн наадмыг зохион байгуулна.
  • -Залуучуудын хөгжлийн төвийг байгуулж, мэдлэг, чадвартай, хариуцлагатай, өөртөө итгэх зан үйл бүхий амьдралын ур чадвартай өсвөр үе, залуучуудыг төлөвшүүлэхэд анхаарч ажиллана.
  • -Залуучуудын төрийн бус байгууллагаас дэвшүүлж буй санал санаачилгыг дэмжиж ажиллана.
 


Find us on Facebook
Follow Us