Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

7043-1111

МОНГОЛ БАРАА

ХОВД ХӨГЖИМТ ДРАМЫН ТЕАТР

Түүхэн замнал:

1920 оны сүүл 1930-аад оны эхэн үед Ховдын хязгаарт шинэ урлагийн нэгэн тод үзэгдэл болох “Улаан гэр”-ийн нөлөөн доор  “Залуучуудын клуб”-ыг  олноор байгуулж идэвхтэй ажиллаж эхэлсэн түүхтэй.

Эдгээрийн дотор Орос, Хятад, Уйгар, Казак хэлтэй их авъяас билэгтэй Б.Жамъяангийн байгуулсан “Монголчуудын урлагийн клуб”, М.Яасайгийн тэргүүлсэн “Уйгарчуудын клуб”, ”Хятадын клуб”-үүд багтаж байсан ба 1936 онд дээрх клубууд нэгдэн,  “Ховд аймгийн олон ястны клуб“ гэсэн нэгэн томоохон клубыг бий болгосон нь өнөөгийн Ховд аймгийн Хөгжимт драмын театрын үндэс суурь нь болж байсан.

Ховдод урлаг соёлын анхны байгууллагыг санаачлан үүсгэгч Б.Жамъяангийн үр хүүхдүүд хэдэн үеэрээ түүний үйл хэргийг үргэлжлүүлэн, монголын урлагийг хөгжүүлэх үйлсэд хүчин зүтгэж яваа юм.

Б.Жамъянгийн хүү хөгжмийн зохиолч, удирдаач Ж.Чулуун Монголын урлагийн хөгжилд оруулсан хувь нэмрийнхээ төлөө “Монгол Улсын Ардын Жүжигчин” цол болон Төрийн Соёрхол хүртсэн бол ач хүү Чулууны  Чинбат нь Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, урлаг судлалын профессор гэсэн эрхэм алдрын эзэн болжээ. Түүнчилэн Ховдын театрыг үндэслэгчдийн нэг  бөгөөд энэ театртай насан туршийнх нь амьдралын утга учир холбогдсон М.Яасай Монгол Улсын Ардын Жүжигчин болсон нь энэ театрыг үндэслэн байгуулсан эрхэмүүд урлагийн төлөө гэсэн хувиршгүй бат эрмэлзлэлээр зүтгэн бүтээж, улмаар өдий дайны томоохон театр болгох замыг засаж өгсөний тод илрэл ажээ.

Ховдын хөгжимт драмын театрын хойч үеийн уран бүтээлчид  ахмад үеийнхээ энэ их нөр зүтгэл, итгэл найдвар, ур ухаан, авъяас билгийн шавхагдашгүй нөөцийг өвлөн, хадгалж хөгжүүлсээр эгнээнээсээ Монгол улсын Ардын Жүжигчин, УГЗ Удирдаач М.Яасай, Д.Гомбосүрэн, УГЗ Д.Лувсаншарав, М.Амгалан, Г.Лам-Очир, н.Жамсранжав,                           СГЗ н. Пүрэвжав Монгол Улсын Гавьяат Жүжигчин Д.Занданхүү, Д.Найдан, С.Мэндээ, Д.Цэндсүрэн, Б.Дугараа, Н.Сэнгэдорж, Д.Болормаа, Т.Балдан, Д.Домид зэрэг 12  уран бүтээлчдийг  төрүүлэн гаргасан юм.

Монгол орны баруун хязгаар нутагт Урлагийн ариун сүмийн үйл хэргийг нэр төртэй, тасралтгүй үргэлжлүүлсээр ирсэн Ховд аймгийн ХДТ – ын үйл ажиллагааг төр засаг үнэлж 1970 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Ардын Их хурлын тэргүүлэгчдийн зарлигаар “Алтан гадас” одонгоор шагнаж, улмаар Засгийн газрын 2009 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 254 тоот тогтоолоор Монгол улсын Төрийн Соёрхолт Ардын Жүжигчин Ж.Чулууны нэрэмжит болгосон юм.

Ийнхүү манай театр өөрийн алтан тайзнаас Ардын Жүжигчин 2, МУГЖ 15-ыг төрүүлэн гаргасан бахархам амжилттайн дээр гадаад, дотоодын сонгодог жүжиг, дуурь, бүжгэн жүжиг, хөгжимт драм, бүрэн хэмжээний концертоос бүрдсэн 370 гаруй уран бүтээлийг туурвин өөрийн алтан сандаа мөнхлөн үлдээжээ.

1950 оноос хойш Ховд аймгийн Хөгжимт Драмын Театрын туурвисан  уран бүтээлүүдээс дурдвал:

1. Дуурь: 1952 онд Ц.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой”, 1965 онд “Учиртай гурван толгой”-г шинэчлэн найруулсан, 1973 онд “Атрын өглөө”, 1979 онд “Учиртай гурван толгой” дуурийг дахин шинэчилсэн, 1984 онд “Ард-Аюуш”, 2011 онд “Учиртай гурван толгой” дуурийг дахин шинэчлэн найруулж тавьснаар  “Учиртай гурван толгой “ дуурь  Ховд аймгийн Хөгжимт Драмын Театрын өнгө төрхийг илтгэсэн брэнд уран бүтээл болж чадсан юм.

2.Хөгжимт драм: 1959 онд “Далан худалч”, 1976 онд “Өнөр бүл”, 1980 онд “Далан худалч” шинэчлэн найруулсан, 1980 онд “Хуурын эгшиг”, 1981 онд “Цэцэг нуурын хошуунд”, 1987 онд “Ховорхон бэр”, 1989 онд “Ховорхон бэр” (шинэчлэл), 1993 онд “Бум эрдэнэ”, 2000 онд “Буйр сэлгэсэн чулуу”, 2002 онд “Ану хатан”,  2009 онд “Галын дөл өөдөө”,  2011 онд “Далан худалч “шинэчлэн найруулсан.

3.Бүжгэн жүжиг: 1968 онд “Хүргэн хүү”, 1973 онд “Сансарт зочилсон нь”, 1990 онд “Олзвой баатар” бүжгэн жүжиг

4.Драмын жүжиг: 1950 онд хамгийн анхны драмын жүжиг Зандраа, Лодойдамба нарын зохиол “Эрдэнийн Дорж“ жүжгийг найруулагч Н.Цэгмид найруулан  тоглож байсан бөгөөд үүнээс хойш нийт 130 гаруй жүжиг тоглосноос хүүхдийн жүжиг -10, эмгэнэлт жүжиг -4 , инээдмийн жүжиг-20-ыг туурвижээ.

5.Концерт: Хамгийн анхны бүрэн хэмжээний концертыг 1950 онд театрын Ерөнхий найруулагч Н.Цэгмид найруулан тоглож байсан бол одоогоор давхардсан тоогоор нийт 210 гаруй бүрэн хэмжээний концерт тоглосон байна.

Бидний эрхэм зорилго:

Олон үндэстэн ястны ардын урлагийг дэлхийн болон өөрийн орны сонгодог урлагтай хослуулан хөгжүүлж, түгээн дэлгэрүүлэх

Одоо манай театрт дарга Соёлын тэргүүний ажилтан М.Баатар, найруулагч С.Ариунжаргал нарын удирдлага дор Найрал дуу, Хөгжим, Бүжиг, Драм, Үйлдвэр захиргаа гэсэн таван ангид хуваагдсан 60 гаруй уран бүтээлч, ажилчид ажиллаж, уран бүтээл туурвиж байна. Эдгээрийн дотор Монгол Улсын Гавьяат Жүжигчин 1, Соёлын Тэргүүний Ажилтан 12 ажиллаж байна.

1. СТА Х.Эрхэмбаяр багштай “ Найрал дууны анги”

2. СТА Д.Мөнхсүх багштай “ Хөгжим анги”

3. СТА Ч.Ням-Очир багштай “Бүжиг анги”

4. Б.Бямбасүрэн багштай “Драм анги”

5. Э.Хишигтогоо багштай “Үйлдвэр захиргаа”

Манай театрын нийт уран бүтээлчид, ажилтнуудын 85 хувь нь 18-35 насны залуус, 70 хувь нь мэргэжлийн уран бүтээлчид байгаа бөгөөд цаашид 2016 он хүртэл мэргэжлийн уран бүтээлчээр 100 хувь хангагдах, Театрын шинэ барилгыг бариулах олон үндэстэн ястны “Эрдмийн Театр” болох зорилт  дэвшүүлэн ажиллаж байна.

2013 он манай хамт олон уран бүтээлийн олз омгоор дүүрэн байна. Засгийн газраас хэрэгжүүлж буй “Сонгодог урлаг II” үндэсний хөтөлбөрийн хүрээнд аймгуудын театр, чуулгуудын дунд зохион байгуулагдаж буй “Сонгодог урлаг-2012”  Баруун бүсийн сонгодог бүтээлийн шалгаруулалтанд Ж.Б. Молерийн “Аргагүйн эрхэнд оточ” инээдмийн сонгодог жүжиг, дэлхийн болон өөрийн орны сонгодог бүтээлээс бүрдсэн “Сонгодог бүтээлийн дээжис” концертоор оролцож “Дэд” байрын шагнал хүртэн 2013 оны 03 дугаар сарын 27-нд зохион байгуулагдсан шилдэг бүтээлийн уралдаан “Гэгээн муза” улсын уралдаанд амжилттай оролцоод ирлээ.

 
Find us on Facebook
Follow Us