You are here: Home Байгууллага Төрийн тусгай Тагнуулын газар

Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

7043-1111

МОНГОЛ БАРАА

ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХОВД АЙМАГ ДАХЬ ГАЗАР

Анх 1926 онд Ховд аймгийн Жаргалант сумын төвд Дотоодыг хамгаалах анги нэртэйгээр тэргүүлэгч, туслагч, бичээч буюу зарлага галчийн бүрэлдэхүүнтэй байгуулагджээ. Энэхүү Дотоодыг хамгаалах Жаргалант анги нь ДХГ-ын харьяа хөдөө орон нутаг дахь анхны байгууллагуудын нэг юм.

1929 онд ангийн дарга-1, боловсронгуй төлөөлөгч-1, төлөөлөгч-2, туслах төлөөлөгч-3, хоёрдугаар зэргийн орчуулагч-1, бичээч-2, зарлага галч-1 орон тоотой болсон байна.

Орон нутгийн засаг захиргааны зохион байгуулалтанд орсон өөрчлөлттэй холбогдон 1931 оны 10 дугаар сард Жаргалант ангийг хэлтэс болгон өргөтгөжээ.

1930-аад оны үед баруун хязгаар түгшүүртэй болсон тул 1933 онд хилийн отряд байгуулж Ховд хэлтэст харьяалуулсан байна.

1937 оны 9 дүгээр сард ДДЯ-ны сайдын тушаалаар Ховдын хэлтэс Отрядын нэгдсэн удирдлагыг өөрчилж, Хэлтсийн орон тоог дарга, сургагч, орчуулагч, жинхэнэ төлөөлөгч-6, туслах төлөөлөгч-1, бичээч-1, жолооч-1, зарлага бөгөөд галч-1 баталжээ.

1940 онд Баян-Өлгий аймаг байгуулагдаж, хариуцах обьект цөөрсөн учир Ховд хэлтсийг анги болгож зохион байгуулжээ.

Манай улсын баруун хил түгшүүртэй болсноос Ховд ангийн зохион байгуулалтыг өргөтгөж 1942 оноос хэлтэс болгож, төвийн 2.3.8 дугаар хэлтсүүдээс салбарласан тасаг, 1.4.7 хэлтсүүдийн төлөөлөгч нарын бүрэлдэхүүнтэй шинээр зохион байгуулагдсан.

1942 онд сайдын 482 тоот тушаалаар Хилийн 5 дугаар отрядын тусгай анги, тусгай төлөөлөгч нарыг нэгтгэн Ховд хэлтсийн 4 дүгээр тасаг болгосны зэрэгцээ УАСХЕГ-ын 5 дугаар хэлтсийн харьяа 5 дугаар тасгийг нэмж байгуулжээ.

1943 онд дээрх хоёр тасгийг нэгтгэн Тагнуулын тусгай групп болгожээ.

1958 онд Ц ба НАХХЭ яамны хэлтсийн АХ тасгуудыг татан буулгаж, хэлтсийн даргын шууд удирдлага дор ахлах төлөөлөгчдийг үлдээж, аймгийн АДХ-ын Гүйцэтгэх захиргааны Цагдан сэргийлэх хэлтэс болгосон байна.

НАХЯ-ны дүрэм шинэчлэгдсэнтэй холбогдуулан 1962 оны 12-р сард МАХН-ын Төв Хороо, Сайд нарын Зөвлөлийн 450/660 тоот тогтоолоор аймгууд дахь НАХ хэлтсийн зохион байгуулалтыг өөрчлөн УАХБ-ын төлөөлөгчийн аппарат, аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны цагдан сэргийлэх хэлтэс болгосон байна.

1965 оны 6 сард УТТ-ны 18 тоот тогтоолоор НАХ хэлтсийг дахин байгуулж ЦС хэлтсийг тасаг болгожээ.

1990.06.06 НАХ хэлтсийг татан буулгаж, Цагдаагийн байгууллагаас тусад нь болгож, Улсыг аюулаас хамгаалах ерөнхий газар байгуулагдснаар А/13 дугаар тушаалаар Ховд аймаг дахь Улсыг аюулаас хамгаалах тасаг болсон.

1994.01.24. Монгол Улсын Засгийн газрын 57 дугаар тогтоолоор УАХЕГ-ыг татан буулгаж, Тагнуулын төв газрыг байгуулснаар Ховд аймаг дахь тагнуулын алба болон зохион  байгуулагдсан.

1996.12.05. ТТГ-ыг УАБХГ болгон өөрчлөн зохион байгуулснаар УАБХГ-ын Ховд аймаг дахь алба болгон өөрчилсөн байна.

1999.12.30. Тагнуулын байгууллагын эрх зүйн үндсийг тогтоосон анхны хууль болох Тагнуулын байгууллагын тухай Монгол Улсын хууль батлагдаж, УАБХГ-ыг Тагнуулын ерөнхий газар болгон өөрчлөн байгуулснаар орон нутаг дахь нэгжүүдийн нэр өөрчлөгдсөн. Энэ үеэс эхлэн ТЕГ-ын Ховд аймаг дахь газар гэж нэрлэх болсон.

Эрхэм зорилго

Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд аюул учруулж болзошгүй гадаад, дотоод хүчин зүйлийг тагнуулын аргаар илрүүлэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдээлэх замаар Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хамгаалах таатай нөхцлийг бүрдүүлэх явдал мөн.

Тагнуулын ажилтны тангараг

“Монгол Улсын иргэн Би улсынхаа тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө амь бие хайргүй зүтгэж, төрийн хуулийг дээдлэн сахиж, төрийн болон албаны нууцыг чандлан хамгаалж, тагнуулын ажилтны үүрэг, ёс зүйн хэм хэмжээг чин шударгаар сахин биелүүлэхээ батлан тангараглая.

Би энэ тангарагаасаа няцваас төрийн хуулийн цээрлэл хүлээнэ”

ТЕГ-ын Ховд аймаг дахь газрын чиг үүрэг, үйл ажиллагааны онцлог

Тагнуулын ерөнхий газрын Ховд аймаг дахь газар нь Тагнуулын байгууллагын тухай хууль, Гүйцэтгэх ажлын тухай хууль, Үндэсний Аюулгүй байдлын тухай хууль, Төрийн нууцын тухай хууль болон холбогдох бусад хуульд  заасан дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

  • Монгол Улсын ашиг сонирхлыг хамгаалах, үндэсний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн асуудлаар тагнуулын мэдээ олох, цуглуулах, задлан шинжилгээ хийж, дүгнэлт гаргах, эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдээлэх;
  • Гадаад улсын тусгай алба, байгууллага, иргэн, тэдгээрийн төлөөний этгээдийн тагнан турших, хорлон сүйтгэх ажиллагааг илрүүлэх, таслан зогсоох;
  • Улсын эдийн засгийн аюулгүй байдалд ноцтой хохирол учруулж болзошгүй ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, түүнийг илрүүлэх, таслан зогсоох;
  • Тагнуулын ерөнхий газарт хуулиар харьяалуулсан гэмт хэргийг илрүүлэх, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах болон уул гэмт хэрэг үйлдсэн буюу сэжиглэгдэж буй этгээдийг эрэн сурвалжлах;
  • Зэвсэгт хүчний анги, салбарын аюулгүй байдлыг эрх хэмжээнийхээ хүрээнд гүйцэтгэх ажлын шугамаар хамгаалах;
  • Улсын эдийн засагт онцгой ач холбогдол бүхий объектод ноцтой осол сүйрэл гарахаас сэргийлэх, хүн, мал ургамлын гоц халдварт өвчин болон томоохон осол, сүйрлийн шалтгааныг тогтоох ажлыг холбогдох эрх бүхий байгууллагатай хамтран хийх;
  • Гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллагуудын орон нутаг дахь салбар, нэгжүүдтэй хамтран ажиллах;
  • Төрийн мэдээлэл, холбоо харилцааны аюулгүй байдлыг хангах, төрийн холбоо, шуудан, шифрийн харилцааны сүлжээгээр үйлчлэх;
  • Төрийн нууцыг хадгалах, хамгаалах, ашиглах ажлыг орон нутгийн хэмжээнд зохицуулах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах;
  • Орон нутагт цагдаагийн болон холбогдох бусад байгууллагатай хамтран зохиох төрийн тусгай хамгаалалтыг нэгтгэн зохион байгуулах.
  • ТЕГ-ын Ховд аймаг дахь газар нь Терроризмтой Тэмцэх Ажиллагааг Зохицуулах Зөвлөлийн болон Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн ажлын албаны үүргийг гүйцэтгэнэ.

Тус газар нь үндсэн чиг үүргийнхээ хүрээнд Үндэсний аюулгүй байдлыг хангах асуудлаар орон нутгийн төр захиргааны болон хууль, хяналтын байгууллагуудтай хуулийн хүрээнд хамтран ажилладаг.

Хаяг

Тагнуулын Ерөнхий Газрын Ховд аймаг дахь газар,

Хаяг: Ховд аймаг, Жаргалант сум, Цамбагарав баг,

 

Цахим хаяг

ТЕГ-ын Ховд аймаг дахь газрын цахим хаяг: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

ТЕГ-ын цахим хаяг: www.gia.gov.mn 

Холбоо барих утас: 7043-3030

 
Find us on Facebook
Follow Us