You are here: Home Аймгийн тухай Алдартнууд

Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

7043-1111

МОНГОЛ БАРАА

Аймгийн бахархалт хүмүүс PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн .   
2013 оны 3-р сарын 25, Даваа гариг, 15:29

Ховд аймаг үе үеийн олон зуун эх орончдыг төрүүлсэн түүхт нутаг.   

Монгол улсын үндэсний тусгаар тогтнол, газар шороо,  эрх чөлөөний төлөө цогтой тэмцэгч нийгэм төрийн зүтгэлтэн Галданбошгот, Амарсанаа,  Монгол Улсын баатар Баясгалангийн Бадам, Лодонгийн Дандар, Цэндийн Олзвой, Баянбалын Тэгшээ, Пунцагийн Чогдон, Энхийн Шийлэг, Дамдингийн Намнан, Бутачийн Цог зэрэг цогтой эх оронч баатруудтай. Олон ястны өлгий нутгаас Партизан-54, улсын баатар-7, хөдөлмөрийн баатар-29, ардын цолтон-11, гавьяат-82, төрийн соёрхолт 13, эрдмийн зэрэг цолтой 90 гаруй хүн төрөн гарчээ. Мөн төр нийгмийн нэрт зүтгэлтнүүд олон бий. Тухайлбал Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, УБХ-ын тэргүүлэгчдийн дарга Л.Лааган, АИХ-ын дарга Ж.Уртнасан нарыг дурдаж болно.

Холын цуутай Ховд нутгаар овоглосон бахархалт хүмүүсийн төлөөллөөс танилцуулж байна.

Галдан бошгот хаан /1644-1697/

Галданбошгот нь Монголын их хаан, шинэтгэгч, хууль тогтоогч, цэргийн алдарт жанжин, дипломатч, хутагт, шашин төрийн нэрт зүтгэлтэн, Монголын тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч мөн.

Тэрээр 1644 онд Цорос аймгийн тэргүүн Эрдэнэбаатар хэмээгдэгч Хотогчин хунтайжын зургадугаар хөвгүүн болон төржээ. 1650 онд зургаан настайдаа Зая Бандида Намхайжамцыг дагалдан Цаст Түвдийн орныг зорьж эрдэм номын мөр хөөж, 7 наснаас нь Лхас хотноо V Далай лам, Ванчин Богд нарын дэргэд шавь оруулсан байна. Тийн Түвдэд 20 жил сууж шарын шашны эрдэмд гүнээ нэвтэрчээ.

Галдан бошгот Ойрадад ирээд Цорос аймгийн хан ор сууж, ахынхаа хатан байсан, тухайн үедээ Ойрадын дөрвөн түмнийг зонхилж асан Хошууд аймгийн тэргүүн Очирт цэцэн ханы охин Ануг хатнаа болгож, тархай бутархай Ойрад түмнийг нэгтгэн Зүүнгарын хаант улсыг байгуулан хаан болжээ.

Галдан бошгот хаан Манжийн эсрэг 20 жилд таван удаа томоохон тулалдаан хийж ялалт байгуулсан боловч 1695 оны хавар Тэрэлжийн Зуун мод буюу Эмээл уулын байлдаанд Манжийн зүүн, баруун замын болон Халхын уравсан ноёдын цэрэгт цохигдсон. Хатан Ану нь энэ тулалдаанд амь эрсдэн, гол жанжин нар холдон хөндийрсөн, хvv Сэвдэнбалжир нь баривчлагдсан ч Галдан цөхөрч, дайсны өмнө өвдөг сөгдөөгvй билээ.

Тэрээр 1697 онд 53 насандаа таалал төгссөн.

Ану хатан

Манж Чин улсаас бүх Монголыг эзлэн авах гэсэн түрэмгий бодлогыг эцсээ хүртэл эсэргүүцсэн цогтой тэмцэгч Ойрадын Галдан /1644-1697/-гийн хамтран зүтгэгч, Монгол эх орон, газар шорооныхоо төлөө амь биеэ үл хайрлан явсан түүх домгийн эзэн бол Ану хатан юм.

Ану хатан 1696 онд Тэрэлж голын ойролцоох Зуунмодын тулаанд өөрийн эр нөхөр Галдан бошигтыг Манжийн цэргийн бүслэлтээс аварч яваад баатарлагаар амь эрсэджээ.

Амарсанаа

Монголын ард түмний 1755-1758 оны үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө тэмцлийн удирдагчдын нэг нь Амарсанаа юм.

Ойрадын хаан Галданцэрэнгийн охин Бодлогочоос төрж, Хойдын ноён Үйзэн Хошуучин гэрт өсөж хүмүүжсэн Ойрадын Хошууд аймгийн хүн юм.

Тэрбээр 1755.9.24-нд цэргээ удирдан Манжийн дарлалыг эсэргүүцэн боссоноор тусгаар тогтнолын төлөөх зэвсэгт бослого эхэлсэн.

1757 онд харъяат 3000 цэргийн хамт Манж улсын 10000 гаруй цэрэгтэй тулгарсан байлдаан хагас сар гаруй туйлын хурц, ширүүн явагдаж, 2500 цэрэг нь алагдаж шархдан жагсаалаас гарчээ. Ойрадууд урьд өмнө нь болж байгаагүй цуст хядлагад өртөхөд Амарсанаа эцсээ хүртэл тулалдан цохигджээ. Түүний дурсгалд зориулсан хөшөөг Ховд хотод босгож нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнг байгуулсан байдаг.

 

 

 

 

Зая бандида Намхайжамц /1599-1662/

Монгол угсаатан, тэр дундаа Ойрдын ард түмний дундаас төрсөн XVII зууны Буддын шашин, соёл, төрийн нэрт зүтгэлтэн, равжамба, зая бандид, дуун хөрвүүлэгч, тод үсгийг зохиогч, соён гэгээрүүлэгч Зая Бандида Намхайжамц.

1616 онд 17 насандаа Төвөдийн Лхасын Барайвун хийдэд шавилан сууж, 10 жил шашны ном үзээд рабжамба (хэтэрхий мэдэгч) цолыг хамгаалж 20 жил Төвөдийн олон хийдэд багш лам болж явахдаа Зая Бандид гэж хүндлэгдэн алдаршсан.

Тэрээр бурханы сургаалийг сурталчлан дэлгэрүүлэх үйлст хүчин зүтгэхийн зэрэгцээ хамаг монгол хэлтэнд дөхөмчилж худам монгол үсгийг тодруулж, тодорхой болгосон үсэг зохиосон нь тод үсэг юм.

Тэр шавь нарын хамтаар буддын шашны 200 гаруй номыг төвд хэлнээс монгол хэлрүү орчуулан хэвлэсэн бөгөөд тэр бүхэнд утга төгөлдөр, уран яруу төгсгөлийн үгийг бичиж үлдээсэн нь, монголын уран зохиолын сан хөмрөгт оруулсан үнэт хувь нэмэр болжээ.

Ард Аюуш /1859-1939/

Ард Аюуш хэмээн алдаршсан Алдаржавын Аюуш нь Ардын хөдөлгөөний цогтой тэмцэгчдийн нэг юм. Тэрээр 1859 онд Засагт хан аймгийн Дархан бэйлийн хошуу одоогийн Ховд аймгийн Цэцэг суманд төржээ.

Монголын ард түмнийг манжийн түрэмгийлэн эзлэгчид хаад ноёдоор нь дамжуулан дарлан мөлжиж байсан цагт ард олноо толгойлон тэдний эсрэг тууштай тэмцэж байв. Тэрээр 200 гаруй босогчидтой нийлэн «Цэцэг нуурын дугуйлан»-г удирдан,  засаг ноёдын бурангуй байдлыг илтгэсэн 44 зүйлийн шаардлага бүхий заргын бичгийг хүргүүлж тэмцсэнийх нь төлөө «есөн эрүү» шүүлтийг давж гарсан хүн юм. Ард олныхоо төлөө цуцашгүй тэмцсэн түүнийг «Ард Аюуш» хэмээн алдаршуулсан билээ.

Ард Аюуш 1939 онд таалал төгссөн.

1959 онд Улсын бага хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор Ховд хотод А.Аюушийн хөшөөг босгож, Цэцэг сумын дунд сургуулийг түүний нэрэмжит болгосон.

 

 

 

Монгол Улсын баатар Баясгалангийн Бадам /1898-1947/

Б.Бадам 1898 онд Чин сэтгэлт шинэ торгуудуудын  Ачит бэйсийн хошуунд төржээ.

1947 оны 6 сарын 3-нд Байтаг Богдын Хужиртын эхэнд байрласан Гоминданы цэргийн ангийг өөрийн нутгаас үтэр түргэн зайлахыг шаардсан тулган шаардах бичгийг БНМАУ-ын нэрийн өмнөөс хүргэхээр Б.Чулуундайн хамт очиход нь баривчлан авч, Б.Чулуундайг буцааж, Б.Бадамыг элдвээр тамлан, эцэст нь үсийг нь гал дээр хуйхлан, биеийг нь улайссан төмрөөр хайрч, нэвт сүлбэн цоргих зэргээр зэрлэгээр тамлан хороожээ.

Зургаадугаар сарын 5-ны өдрийн байлдаанаар дайсныг хилээс үлдэн хөөж гаргасны дараа цогцсыг нь олж, өөрийнх нь захисан газар Уушигийн эхэн усанд ёслол хүндэтгэлтэйгээр оршуулжээ.

БНМАУ-ын Ардын их хурлын тэргүүлэгчдийн 1968 оны 6-р сарын 14-ний 146-р зарлигаар Монгол Улсын Баатар цол нэхэн шагнаж, хилийн 6-р отрядын Өргөстэйн заставыг эрэлхэг хүү Б.Бадамын нэрэмжит болгосон. Түүний хөшөөг Ховд аймгийн Булган сумын төвд байгуулж, дурсгалын самбарыг 1988 онд оршуулсан газар нь босгожээ.

Монгол Улсын баатар Цэндийн Олзвой

БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 1939 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 71 дүгээр хурлын тогтоолоор "Зургаадугаар дивизийн 17 дугаар хорооны бууны наводчик Цэндийн Олзвой бол эл байлдаанд онц гарамгайгаар гайхамшигт гавьяа зүтгэлийг байгуулсан учир  БНМАУ-ын баатар цол, цэргийн гавьяаны улаан тугийн нэгдүгээр одонгоор шагнагджээ.

 

 

 

 

Монгол Улсын баатар Баянбалын Тэгшээ /1926-1948/

Ховд аймгийн Чандмань суманд төрсөн. 1946 онд цэрэгт татагдан Ховдын отрядод алба хаасан ба цагийн байдал нэн хурцадсан тул олон удаагийн тулгаралт, байлдаанд оролцож тагнуулын үүрэг даалгаврыг удаа дараа сайн гүйцэтгэж байсан.

1948 онд ахлах дэслэгч Г. Хаянхярваагийн удирдлаганд арвуул Бүдүүнхаргайтад хилийн манаанд гарч байхдаа Гоминданы цэргийн миномёт, хүнд хөнгөн пулемётоор зэвсэглэсэн 130 гаруй хүнтэй давуу хүчний эсрэг алтан амиа өргөжээ.

Тасгийн дарга Гиваан, туслах наводчик Даваадоржийн хамт хойт өндөрлөгт хориглон дайсанд хохирол учруулсан ч, газрын бартаа хүний олон, зэвсгийн хүчний давуугаар дайсан хилчдийг бүслэн амьдаар нь барихаар дайрахад нь эцсийн гранатаа тэслэн хамт амь үрэгджээ. Түүний баруун хөл нь  миномётын суманд өртөн тасарч, яс нь ёрдойн гарч газар зурагдсаар мөлийж чөмгөнд нь шороо чулуу чихэгдсэн, 15х15м газар цусаа гоожуулан тулалдсан байдалтай, пулемётын сум нь дууссан тул буугаа  хад саван эвдээд амь үрэгдсэн байжээ.

УБХТ-ийн 1949 оны 6-р хурлын тогтоолоор МУ-ын баатар цол нэхэн шагнаж, Засгийн газрын 1998 оны 169-р тогтоолоор  хилийн 0130-р ангийн ...-р заставыг Хилийн цэргийн 65 жилийн ойгоор түүний нэрэмжит болгосон.

 

Монгол Улсын баатар Пунцагийн Чогдон /1915-1983/

Ховд аймгийн Дарви сумын харъяат. 1936-1938 онд 5-р отрядод цэрэг, 1938 онд 05-р ангийн бага даргын сургуульд сонсогч, 24-р отрядын 7-р заставт туслах, орлогч, даргаар ажиллан, Халхын голын дайны фронтын гол чиглэлд үүрэг гүйцэтгэж ажиллав.

Х.Чойбалсангийн тушаалаар 1938 оны 11-р сард манай нутагт 20 гаруй км цөмрөн буусан Баргын 1000 гаруй айлуудыг 5 хоногт гаргах тушаал авч 4 хоногт биелүүлсэн нь анхны том даалгавар байв. Тэрээр нийт 60 орчим удаа тулгаралт, байлдаанд оролцсон байна.

П.Чогдон 1951-1952 онд баруун хилд Гоминдан, Оспаны дээрэмчдийн сүүлчийн хэсгийг устгахад оролцсон байна. П.Чогдонд АИХТ-ийн 1971 оны зарлигаар улсын баатар цол олгож, 1984 оны 9-р зарлигаар хилийн 0198-р ангийн ...-р заставыг түүний нэрэмжит болгожээ.

 

 

 

Монгол Улсын баатар Энхийн Шийлэг /1915-1984/

Ховд аймгийн Булган суманд төрсөн. 1936 онд цэргийн албанд татагдан, Баянбүрдийн 24-р отрядын Хамардавааны 7-р заставт алба хаажээ.

Алба хааж байсан застав нь Халхын голын дайны фронтын гол чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан тул 60 гаруй байлдааны ихэнхид нь оролцсон, дайныг эхлэхээс нь дуустал хүнд бэрхийг зориг тэвчээр, баатрлаг гавъяа байгуулан үүрэлцсэн хилчин юм.

Цэргийн албанаас халагдан төрсөн нутагтаа ирсэн ч Баруун хязгаарын байдал нэн хүндэрч дайны ирмэгт тулж ирсэн тул дахин зэвсэг барин дайсны эсрэг тэмцсэн байна. 1944-1948 онд Хилийн цэрэгт туслах торгуудын ардын группийн байлдааны туршлагатай, идэвхитэй гишүүн, пулемётчин нь байж олон удаагийн тулгаралт, байлдаанд оролцон эрэлхэгээр тулалдсан.

Энхийн Шийлэгт АИХТ-ийн 1984 оны зарлигаар МУ-ын баатар цол олгож, Засгийн газрын 1998 оны 169-р тогтоолоор хилийн 0198-р анийн 10-р заставыг түүний нэрэмжит болгон мөнхжүүлсэн байна.

 

Монгол Улсын баатар Дамдингийн Намнан /1919-1943/

Ховд  аймгийн Зэрэг суманд төрсөн. 1941 оноос хилийн 5-р отрядод цэрэг, бага даргаар алба хааж, олон удаагийн хилийн тулгаралтад орж байсан туршлагатай хилчин байв.

1943 оны 7 сарын 30-нд Шарговийн бага даваанд түрүүч Х. Дамба, байлдагч Сундуйжавын Балжир, Рандалын Лувсанпүрэв нарыг удирдан хилийн манааны үүрэг гүйцэтгэж байхад нь Хасагийн 100 гаруй дээрэмчин манай хилийн манааг устган, амьд хэл олзлохоор бүслэн дайрчээ. Манаа Даяннуурын сумангаас гарсан ба хилээс 154км, салбараасаа 30км зайтай үүрэг гүйцэтгэж байлаа. Н.Балжирыг холбоо бариулахаар томилсон боловч морьлуугаа мөлхөж яваад алагдсан 2-уул үлдэн эрэлхэгээр байлдсаар амь үрэгдсэн.

Тэдний эрэлхэг, баатарлаг тэмцсэнийг дайсан нь хүртэл хүндэтгэн биширч байсан юм. Хилчид дайсны 17-г устгасан нь тодорхой болсон ба энэ байлдаанд оролцон, хожим манай талд орсон дээрэмчдийн нэг толгойлогч Хавхас гэгч Бид 1947 онд танай 4 цэрэгтэй байлдахад манай талаас нилээд хэдэн хүн алагдсан бөгөөд нэг цэрэг олон удаа шархдсан ч ганц гараараа буудаад огт ойртуулахгүй байсан Бид түүнийг бүслэн амьд барих гэтэл өөрийгөө буудаж үхсэн юм. Танай хамгийн эрэлхэг зоригтой 2 цэргийн амийг бид малаар төлж хэрэглэж явсан буу зэвсгийг эргүүлж өгье” гэж байжээ.

Д.Намнанд АИХТ-ийн 1983 оны 135-р зарлигаар ХЦ-ийн 50 жилийн ойг тохиолдуулан МУ-ын баатар цол нэхэн олгож, Засгийн газрын 1998 оны 169-р тогтоолоор ХЦ-ийн 65 жилийн ойгоор хилийн 0130-р ангийн Даянгийн заставыг түүний нэрэмжит болгон мөнхжүүлсэн.

Академич Ч.Далай /1930 - 2009/

Шангас овогт Чулууны Далай нь Монгол Улсын шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, түүхч юм. Тэрээр 1930 онд Ховд аймгийн Зэрэг суманд төржээ. 1950 онд 10 жилийн дунд сургуулийг дүүргээд Бээжингийн их сургуульд дэвшин суралцаж, түүхч мэргэжлээр төгссөн байна.

Ч.Далай нь Монгол Улсын Их Сургуульд түүхийн багш, Шинжлэх Ухааны Академийн Түүхийн Хүрээлэнд эрдэмтэн, нарийн бичгийн дарга, захирал, БНМАУ-аас БНХАУ-д суугаа Элчин Сайдын Яаманд нэгдүгээр нарийн бичгийн дарга, зөвлөх, ШУА-ийн дэргэдэх Дорно Дахины Судлалын хэлтэст эрхлэгч, Дорно Дахины Судлалын Хүрээлэнд эрдэмтэн нарийн бичгийн дарга, ШУА-ийн Зүүн Хойд Ази Судлалын Төв, Олон Улс Судлалын Хүрээлэнд захирал, зөвлөхөөр ажиллаж байсан.

Тэрээр 1970 онд Юань гүрний Монгол сэдвээр түүхийн ухааны дэд доктор, 1986 онд Монгол-Хятадын харилцаа (1949-1984) сэдвээр докторын зэрэг хамгаалсан юм. Мөн Монголын Бөө мөргөлийн товч түүх, Юань гүрний үеийн Монгол, Хамаг Монгол Улс, Монголын түүх, Их Монгол Улс, Өгөдэй хаан, Ойрад Монголын түүх зэрэг томоохон бүтээлүүд бичиж туурвисан нэрт эрдэмтэн юм.

Хөдөлмөрийн баатар, төрийн соёрхолт алдарт хоньчин С.Цогтгэрэл

Хөдөлмөрч дайчин олон ястан түмнээс Монгол Улсын Хөдөлмөрийн баатар 29 төрөн гарчээ. Өөрийн уйгагүй хөдөлмөр зүтгэлээрээ манлайлсан эдгээр баатраа түүчээлэн Хөдөлмөрийн баатар, төрийн соёрхолт алдарт хоньчин С.Цогтгэрэлийг танилцуулж байна.

Тэрээр малын хужир ус тохирч байгаа эсэхийг хотон дундуураа яваад хэлдэг, төл мал сүүндээ цадаж байгаа эсэхийг майлж байгаа дуугаар нь ялгадаг эрдэм ухааныг эзэмшсэн хүн байв. С.Цогтгэрэл хоньчин мал маллах арга барилаар Монгол Улсын хөдөлмөрийн баатар, залуу малчдыг халамжлан хүмүүжүүлэхэд онцгой идэвхи чармайлт гарган ажилласан амжилтуудыг үнэлж төрийн шагнал хүртээсэн.

Хоньчин С.Цогтгэрэл 1957 оноос хойш нэгдлийн 500-525 эм хонь жил дараалан маллаж, төлийг нь жил бүр 100 хувь бойжуулж, 1957, 1958, 1959 онуудад төл бойжуулах, ашиг шим ашиглах талаар амжилт гаргасныг нь үнэлж БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар цолоор шагнажээ. Дарви сумын бүх малчид түүний туршлагаар ажилласнаар хөдөлмөрийн баатар-4, БНМАУ-ын хошой аварга малчин-2, улсын аварга малчин 10 гаруй төрсөн байна

 

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Д.Харай

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Долдаханы Харай 1955 онд Ховд сумын харьяат 8 хүний хамт өөрсдийн боломждоо тулгуурлан цөөн тооны мал, хүрз, жоотуу зэрэг хөдөлмөрийн багажаа нийлүүлж Баянбулаг нэгдлийг байгуулжээ. Ингэж нэгдлийн анхны малчин болж төллөх эм хонь, ямаа нийлсэн 200 орчим бог авч маллаж эхэлжээ. Тэрбээр 1970 он гэхэд малаа 400 орчимд хүргэж жил бүр 100 эхээс 100-106 төл бойжуулж аймаг сумын тэргүүний малчин, ашиг шимийн аваргаар шалгарч байжээ. Д.Харай нутгийн байгаль, цаг уур, бэлчээрийн онцлогийг өөрийн мал маллагааны арга ухаанаар шинэчилж, нутгийн таваарлаг, чанартай малыг бий болгож чадсан нь өнөөдрийн бахархам амжилтыг авчирсан юм.

 

 

Хөдөлмөрийн баатар Ширбазарын Лхагва

1949 онд Ховд аймгийн Дарви суманд төрсөн. Дарви сумын “Сутайн хөгжил” нэгдлийн малчнаар ажиллаж, жил бүр 500 гаруй хониноос 560 хүртэл төл хүлээн авч тогтвортой өндөр амжилт гаргасан тул Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолыг 1991 онд хүртсэн байна.

 


 

 

 

 

 

Хөдөлмөрийн баатар Борондонгийн Лувсан

1923 онд Ховд аймгийн Манхан суманд төрсөн. 1947 оноос Манхан, Булган сум, нэгдлийн дарга “Минжит Булган” хоршооллын дарга, “Баясгалант амьдрал” нэгдлийн даргаар ажиллаж байжээ. Түүнийг 1971 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагнажээ.

 

 

 

 

 


 

 

Монгол Улсын Төрийн соёрхолт, туульч Б.Авирмэд

Б.Авирмэд нь үе залгамжилсан найман үеийн туульч юм. Анх хадам аав Жилхэр, өөрийн аав Баатар, ээж Оролмаа, туульч Балдан, авга ах Ширэндэв нараар заалган тууль сурчээ. Тэрээр “Наран гэрэл хаан”, “Аргил цагаан өвгөн”, “Хүдэр мөнгөн тэвнэ” зэрэг 10 гаруй тууль мэддэг байсны “Нарны хаан гэрэл”, “Бүжин даваа хаан” хоёр тууль, “Алтайн магтаал” нь НҮБ-ийн ЮНЕСКО-ийн гишүүн орнуудын болон Монголын радио, телевизийн алтан фонд, ШУА-ийн хэл зохиолын хүрээлэнгийн соронзон хальсанд хадгалагдсан байдаг.

Ардын урлагийн өвийг тээж үлдсэн энэ хүний авьяасыг төр засаг өндрөөр үнэлж 1991 онд “Төрийн соёрхол” хүртээжээ.

 

 

Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн шагналт Жамъяны Чулуун /1928-1996/

Монголын орчин үеийн хөгжмийн гарамгай зүтгэлтэн, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Монголын хөгжмийн театрыг үндэслэгчдийн нэг, хийлч, удирдаач, хөгжмийн зохиолч Ж.Чулуун 1928 онд төрсөн. 1939 онд 11 настайдаа Төв театр /бөмбөгөр ногоон/-д ажиллаж үндэсний хөгжмүүд болон хийл хөгжмийг эзэмшиж, улмаар зөвлөлтөөс ирсэн мэргэжилтэн Б.Смирнов А.Белоусов нарын шавь болжээ.

Ж.Чулуун 1960-1988 онуудад Улсын дуурь бүжгийн академик театрын ерөнхий удирдаач, 1988 оноос Улсын филармоний ерөнхий удирдаач, уран сайхны удирдагчаар ажилласан. УДБЭТ-ын тайзнаа 20 гаруй дуурь, балетийг удирдан тоглуулжээ.

1951 онд Монгол Улсын Гавъяат жүжигчин, Төрийн шагнал 1966 он, 1971 онд Ардын жүжигчин цол тус тус хүртсэн. 1973 онд Казакстаны Алма-Ата хотод болсон “Азийн хөгжмийн индэр” олон улсын симпозиумаас Ж.Чулууны зохиосон “Монголын ардын хоёр дууны вариаци” хэмээх хийлийн гоцлолыг Азийн хөгжмийн шилдэг бүтээлүүдийн нэг хэмээн шалгаруулж, олон лусын радиогийн алтан фондод оруулах шийдвэр гаргасан байна.

Ховд аймгаас билэг авьяастны улсын бүртгэлд морин хуур, уртын дуу, хөөмэй, тууль, цуур, захчин болон торгууд бий бийлгээгээр 14 хүн бүртгэгдсэн байдаг байна.

Монгол Улсын Ардын жүжигчин Б.Зангад

1936 онд Ховд аймгийн Буянт сумын “Шар харганат” хэмээх газар төрсөн.

Тэрээр 1954 онд сурагч ахуй үедээ Ховд аймгийн урлагийн 10 хоногоор Буянт гол дууг дуулж оролцсоноор ирээдүйн их дуучны гараа эхэлсэн.

1956-1961 онд ЗХУ-ын Москва хотын П.И.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн их сургуулийг дуулаачийн мэргэжлээр, 1964-1969 онд МУИС-ийн хуулийн сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн.

Дэлхийн болон өөрийн орны хөгжмийн зохиолчдын 400 гаруй дуу, монголын радиод 100 гаруй дуу дуулж алтан фондод оруулсан. Гадаад дотоодын тоглолтонд нийт 9000 гаруй удаа оролцож 8 сая гаруй үзэгчдэд өөрийн уран бүтээлийг хүргэсэн байна.1973 онд БНМАУ-ын Гавъяат жүжигчин, 1996 онд Монгол Улсын “Ардын жүжигчин”, 2006 онд Оросын холбооны Буриад улсын “Ардын жүжигчин” цол тэмдгээр шагнагдсан.

БНМАУ-ын гавьяат багш З.Цагаанхичиг

Зулаагийн Цагаанхичиг 1914 онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд төрсөн. 1927 онд 13 настайдаа Чандмань уулын аймгийн бага сургуульд суралцан 1929 онд төгсжээ. Тэрээр багш нарыг бэлтгэх түр сургуульд орж суралцан 15 настайгаасаа эхлэн ардын үр хүүхэд, өсвөр үеийнхнийг сурган хүмүүжүүлэх нэр хүндтэй, хариуцлагатай албыг 45 жилийн турш хашихдаа багш, эрхлэгч, захирал, гэгээрлийн хэлтсийн даргаар ажиллаж байлаа. З.Цагаанхичиг нь манай аймгаас 1961 онд БНМАУ-ын гавьяат багш цолоор шагнагдсан анхны багш юм.

 

 

 

 

Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг

Дэлхийн шилдэг найман балетчны нэг болж, Улсынхаа нэрийг дэлхийн сонгодог урлагийн тавцанд таниулж яваа балетчин Д.Алтанхуяг. Тэрбээр Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын болон АНУ-ын “Бостон балет” компанийн гоцлол бүжигчин, “Ла Скала” болон Японы Комаки балет компанийн хүндэт бүжигчин юм.

Д.Алтанхуяг нь 2006 он XX зууны шилдэг бүжиг дэглээч Роланд Пэтит “Дэлхийн шилдэн найман балетчин”-г сонгож, тойрон аялсан тоглолтонд оролцсон. 2007 онд Нэгдсэн Вант Улсын Хатан хаа Элизабета, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамад зориулсан тоглолтод оролцсон, 2009 оны есдүгээр сарын 23-нд “Falling For Dance” их наадмыг нээн бүжгэн жүжгийн гол дүрийг бүтээсэн зэргийн Монголын нэрийг дэлхийн тавцанд өргөж яваа алдартан юм.

2001 онд Япон улсад болсон Ази, Номхон далайн орнуудын балетын жүжигчдийн VIII тэмцээнд оролцож тэргүүн байр, мөн гадаад улс оронд болсон олон томоохон уралдаанд алт мөнгө, хүрэл медаль хүртсэн бөгөөд, баруун Монголын нэрт бүжигчин, БНМАУ-ын гавьяат жүжигчин Б.Дугараа агсны хүү юм. Монголын төр түүнд 2005 онд Монгол Улсын Гавьяат жүжигчин цол тэмдгээ хүртээжээ.

Олимпийн наадмын хүрэл медальт Равдангийн Даваадалай

1950 оны 3 сарын 20-нд Ховд аймгийн Дарви суманд төрсөн. Москвагийн олимпод жүдо бөхийн 71 кг-ийн жинд хүрэл медаль авсан. Монгол Улсын гавъяат тамирчин, үндэсний бөхийн улсын начин цолтой. Самбо бөхийн дэлхийн аварга.

Тэрээр 1980 оны "Москва-ХХII" зуны олимпийн наадмын 71 кг-ын жинд манай жүдочдоос хамгийн анх олимпийн хүрэл медаль хүртсэн юм. Р.Даваадалай жүдогоос гадна самбо бөхөөр тухайн үедээ дэлхийд гайхуулж байв. Тэрбээр 1979 онд самбын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн бол 1981 онд дэлхийн аварга болсон.

 

 

 

Улсын арслан Шаравын Ванчинхүү /1909-1978/

1932 онд 7 давж, 7-д үлдэн заан, 1936 онд 7 давсан, 1938 онд 6 давсан, 1940 онд 512 бөхөөс 9 даван түрүүлж арслан цол авсан. 1945 онд 6 давсан.

 

 

 

 

 

 

 

Улсын заан Дасрангийн Мягмар

1971 оны улсын баяр наадмаар улсын арслан Чойжилсүрэнгээр 5 давж начин, 1974 онд 6, 1975 онд 6, 1977 онд 5, 1978 онд тавын даваанд улсын начин Ишгэнийг /заан/, зургаад улсын арслан Хадбаатарыг, 7-д улсын арслан Дагвасүрэнг давж 4-т үлдэн заан цол авсан. 1979 онд 5, 1980 онд 6, 1986 онд 6, 1987 онд 5, 1988 онд 5, 1991 онд 5 давсан. Улсад 11 удаа шөвгөрсөн манлай заануудын нэг. Ховдын алдарт бөх, жижиг Ванчинхүү арслангийн шавь юм.

 

 

 

 

 

Аймгийн арслан Б.Ичинхорлоо

Ховд нутгийнхны төдийгүй монгол түмний дунд цуу алдраа дуурсгасан домогт аймгийн арслан Ичинхорлоо Ховд аймгийн Манхан суманд төржээ.

Тэрбээр аймгийнхаа баяр наадамд 20 жил барилдахдаа 10 түрүүлж, 6 үзүүрлэж, 2 удаа их шөвөгт үлджээ. Мөн аймаг хот сум орон нутгийн спартакиадад 28 түрүүлсэн, чөлөөт, жүдо, самбо, хүндийг өргөлтөөр баруун таван аймагт бүсийн тэмцээнд аймгийн аварга шалгаруулах барилдаанд удаа дараа оролцож 40 гаруй медалиар энгэрээ мялаажээ. Түүний энэ гайхам амжилтыг одоо болтол аймгийн цолтнуудаас эвдсэн хүн гараагүй байна. Түүний энэ амжилтыг Үндэсний бөхийн холбооноос сайшааж “XX зууны манлай аймгийн арслан”-гаар шалгаруулсан

Сүүлд шинэчлэгдсэн: 2013 оны 4-р сарын 03, Лхагва гариг, 01:02
 
Find us on Facebook
Follow Us