You are here: Home

Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

7043-1111

МОНГОЛ БАРАА

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 96 жилийн ойн баярын Ёслолын жагсаал болов PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн admin1   
2017 оны 3-р сарын 17, Баасан гариг, 07:54

Монгол цэргийн өдөр Зэвсэгт хүчний 96 жилийн ойн баярыг тохиолдуулан Цэргийн гавьяаны Улаан тугийн одонт Хатанбаатар Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123-р ангийн ёслолын жагсаал Ховд аймгийн төв талбайд боллоо.  Энэхүү ёслолын жагсаалд Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Д.Галсандондог зэрэг аймгийн удирдлагуудаас  гадна Монгол УИХ-ын гишүүн Д.Гантулга оролцож, Монгол цэргийн өдрийн мэндчилгээ дэвшүүллээ.  Ховд аймгийн Зэвсэгт хүчний 123-р ангийн хувьд Монгол цэргийн баярын өдрийг тохиолдуулан олон томоохон ажлуудыг зохион байгуулсан. Тухайлбал Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд спортын тэмцээн, ЕБС-ын сурагчдын дунд цэрэгжилтийн спортын Дөл тоглолтыг зохион байгуулсан байна.

 

Зэвсэгт хүчний 123-р ангийн Монгол цэргийн өдрийн ёслолын жагсаалд  цэрэгжилтийн спортын Дөл тоглолтоос  шилдэгт шалгарсан  ЕБС-ийн сурагчдын салаа оролцсон нь онцлог байсан юм. Мөн Монгол цэргийн өдөр Зэвсэгт хүчний 96 жилийн ойн баярын ёслолын жагсаалын үеэр Монгол улсынхаа төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, үүргээ нэр төртэй биелүүлж яваа алба хаагчдыг шагнаж хөдөлмөр зүтгэлийг нь үнэллээ.

Ховд аймгийн Зэвсэгт хүчний 123-р анги нь баатарлаг түүхтэй цэргийн хороодын нэг. Ардын эрхт Монгол Улсын Цэргийн явдлын яамны 1922 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 274 дүгээр тушаалаар Хатанбаатар С.Магсаржавын цэргээс 300 цэргийг Ховд хотод үлдээснээр тус анги үүсэн байгуулагдсан түүхтэй. Байгуулагдсан үеэсээ эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг гадны зэвсэгт халдлага, түрэмгийллээс хамгаалах үндсэн чиг үүргээ нэр төртэй биелүүлж, томоохон байлдаан, тулалдаануудад 6 удаа зэвсэг барин оролцсон баатарлаг түүхэн гавьяатай анги юм.

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1971 онд 3 дугаар сарын 12-ны өдрийн 81 дүгээр тогтоолоор Монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолыг хамгаалахын төлөө цогтой тэмцэгч, цэргийн нэрт зүтгэлтэн ардын Хатанбаатар Сандагдоржийн Магсаржавын байгуулсан баатарлаг гавьяаг мөнхжүүлэх зорилгоор тус ангийг Хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит болгосон нь Ховд хот, олон ястны төдийгүй баруун монголчуудын бахархал болсон юмаа.

 
Find us on Facebook
Follow Us