Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

7043-1111

МОНГОЛ БАРАА

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ТАСГИЙН 2013 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн .   
2014 оны 3-р сарын 19, Лхагва гариг, 04:56

2013.12.17                                                                                                     Ховд

Нэг. Зохион байгуулалтын талаар

 

Хяналт-шинжилгээ, үнэлгээний тасаг нь 2013 онд Тасгийн дарга, Орон нутаг, агентлаг, албан байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн, Хөтөлбөр, тогтоол шийдвэрийн биелэлт, үр дүнгийн хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн гэсэн З ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж ирлээ.

2013 оны 02 дугаар сарын 06,10 дугаар сарын 02-ны өдрүүдэд  ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтуудад нэмэлт өөрчлөлт оруулан, 2013 оны 02 дугаар сарын 15-нд тасгийн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан Засаг даргын Тамгын газрын даргаар батлуулан хэрэгжилтийг хангах 7 хоногийн төлөвлөгөөтэй ажиллаж  байна.

Тасгийн ажилтнуудын хөрөнгө орлого, ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлгүүдийг хуулийн хугацаанд гаргаж, холбогдох газарт нь хүргүүлэв.

Өдөр тутмын үйл ажиллагаандаа Монгол Улсын төрийн албаны тухай хууль, Төрийн хяналт-шалгалтын тухай хууль болон Монгол улсын Засгийн газрын 2009 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гаргасан аймаг, нийслэлийн Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан нэгжийн ажлын ерөнхий чиг үүрэг, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2012 оны А/24 тушаалаар батлагдсан Хяналт-шинжилгээ, үнэлгээний тасгийн дүрмийг мөрдлөгө болгон ажиллав.

2012 оны материалуудыг архивлаж хуулийн хугацаанд бичиг хэрэгт хүлээлгэн өгөв. Мөн түүнчлэн Засаг даргын шагнал олгох журмын төсөл, Засгийн газрын 2010 оны 11 дүгээр тогтоолын дагуу сум, байгууллагын ажлыг дүгнэх журам,сумд, Засаг даргын Тамгын газрын хэлтэс, эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудаас гаргаж ирүүлж байх мэдээ тайлангийн жагсаалтыг хэлтсүүдийн дарга, мэргэжилтнүүдийн саналыг тусган боловсруулж, Төрийн захиргаа удирдлагын хэлтэст өгсөн болно.

Тасгийн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд 25 асуудал тусгагдсанаас 24 ажлыг бүрэн хэрэгжүүлжээ. Тасгаас хэрэгжүүлсэн ажлын талаар аймгийн вейб сайтад байнга мэдээлэл тавьж, зарим ажлуудаа хэвлэл мэдээллээр сурталчилж байлаа. Тус аймагт болж өнгөрсөн Төрийн албан хаагчдын зөвлөгөөний зохион байгуулалтын асуудлыг манай тасаг хариуцан ажиллав. Зөвлөгөөнд 400 гаруй төрийн албан хаагч оролцож төрийн байгууллагын ажлын үр дүн, тохиолдож байгаа бэрхшээл, цаашид төрөөс анхаарах асуудлуудаар чөлөөтэй санал солилцож ажил хэрэгч болж өнгөрснийг тэмдэглэх нь зүйтэй. Аймгийн удирдлагуудаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь бүрэн биелүүлж ажилласан байна.

Хоёр. Хяналт-шинжилгээ, үнэлгээний талаар

 

Хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Засгийн газрын тогтоол шийдвэр, үндэсний болон дэд хөтөлбөр, нутгийн удирдлагын шийдвэр, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын захирамж, бодлого хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийж, үнэлгээ өгөх замаар Засаг даргын үйл ажиллагааны үр дүнг нэмэгдүүлэх, хэлтэс, харьяа байгууллагын үйл ажиллагааны үр дүнг үнэлэх, хүсэн хүлээсэн үр дүнд хүрэх, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг сайжруулахад дэмжлэг үзүүлэхүйц цаг үеэ олсон чанартай мэдээлэл, бодлогын зөвлөмжөөр хангахад чиглэсэн үүргийнхээ хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэв.

2013 оны 01 дүгээр сараас  эхлэн аймгийн 2012 оны хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан бичих мэдээлэл цуглуулж, тайланг Засгийн газрын 2010 оны 11 дүгээр тогтоолоор баталсан журмын дагуу бичиж 2013 оны 04 дүгээр сарын 01-ний дотор Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүллээ. Хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлангийн үр дүн, цаашид анхаарах асуудлуудаар зөвлөмж болосруулан аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтсүүд, сум, байгууллагуудад хүргүүлэв.     Аймгийн Засаг даргын Тамгын газрын 2012 оны ажлын тайланд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, анхаарах асуудлуудаар 19 төрлийн зөвлөмж бичиж хэлтсийн ажилтнуудад танилцуулсан байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих үндэсний хөтөлбөр 2012 онд хэрэгжиж дуусаж байгаатай холбогдуулан, Засгийн газрын 2009 оны 26 дугаар тогтоолын хамт хяналт-шинжилгээ үнэлгээ хийлээ.Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг  хангалттай гэж дүгнэв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо, Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтэс Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн  хэлтэс, Болосролын газар багагүй санаачлага гарган ажиллажээ. Гагцхүү аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, түүний дотор хүүхдийн тоо тодорхой бус, тэд мэдээлэл авах боломжоор хангагдаагүй, тусгай сурах бичиг дутмаг байна. Төрөлхийн  болон  удамшлын эмгэг өөрчлөлт, эсхүл осол, гэмтлийн  улмаас сэтгэц, оюун ухаан, мэдрэхүйн чадавхи нь  алдагдсан, түүнчлэн бие эрхтэн нь  гэмтсэнээс суралцах боломж нь  хязгаарлагдсан 350 гаруй хүүхдээс  67 хүүхэд  ерөнхий  боловсролын  сургуульд, Жаргалант  сумын  цэцэрлэгүүдэд 36 хүүхэд тус тус суралцаж байгаа нь анхаарах асуудал мөн.

—  Нарийн мэргэжлийн эмч / хүүхдийн мэдрэлийн эмч, сэтгэл зүйч, хөдөлгөөн ахуй засалч /  ажилчдын хүртээмж дутмаг

—  Нөхөн сэргээх орчин шаардлага хангахгүй байна.

—  Эмчилгээний өртөг өндөр, эмийн хөнгөлөлт дутмаг

—  Витаминжуулалт, нэмэлт үйлчилгээнд хамрагдах боломж тааруу

—  ХБИ-ийг ойлгох хандлага удирдлага болон иргэдэд дутмаг

—  ХБИ-ийн дуу хоолой тод бус, мэдээллийн суваг хязгаарлагдмал.

—  Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сурч, хүмүүжих сургууль, цэцэрлэгийн орчин хангалтгүй, тэдэнтэй ажиллах мэргэжлийн багш, боловсон хүчин хомс, сургалтын арга зүй дутмаг зэргээс боловсролд бүрэн хамрагдаж чадахгүй байгаа

—  Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан унаа автобустай болох. /эмнэлэг, сургуульд хүргэдэг, эмчилгээндээ ирж, очиход тодорхой маршрутаар явдаг болгох/

—  Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй дэд бүтэц бий болоогүй байна гэж дүгнэлээ.

Засгийн газрын 2009 оны 26 дугаар тогтоол манай аймагт хангалтгүй хэрэгжжээ. Тогтоолын заалт ёсоор байгууллага, аж ахуйн нэгж хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулаагүй орон тоо тутамд сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 30 хувьтай тэнцэх төлбөр төлж байх  үүрэгтэй. Гэтэл нэг ч байгууллага, аж ахуйн нэгж төлбөр төлж байгаагүй юм байна.

2013 оны 04 дүгээр сард Засаг даргын Тамгын газрын дарга, бүх хэлтэс тасгуудаас бичгээр санал авч сум, байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, зөвлөн туслах хуваарь, удирдамж, ажлын хэсэг томилох тухай захирамжийн төслийг Засаг даргад танилцуулсан боловч тодорхой шалтгаанаар хойшлогдсон юм.

2012 оны Тэргүүн шадар сайд, шадар сайд болон яамдын сайд нартай байгуулсан үр дүнгийн гэрээ, Төсвийн шууд захирагчийн үр дүнгийн гэрээ, Төсвийн шууд захирагч, аймгийн Засаг даргаас эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын даргатай байгуулсан гэрээ, Төсвийн шууд захирагчийн үр дүнгийн гэрээний боловсруулалт, Төсвийн шууд захирагч, аймгийн Засаг даргаас сумын Засаг дарга нартай байгуулсан гэрээний боловсруулалт, Аймгийн Засаг дарга Ерөнхий сайдтай байгуулсан гэрээ, аймгийн Засаг дарга сумын Засаг дарга нартай байгуулсан хамтран ажиллах зарчмын хэрэгжилтэнд  тус тус хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж тайланд тусгав.

2013 онд шинэчлэн хийсэн дээр дурьдсан гэрээнүүдийн боловсруулалтанд хяналт-шинжилгээ хийж, шаардлага хангахгүй байгааг тогтоон, зөвлөмж дүгнэлт бичиж холбогдох хэлтэс, байгууллага, сумдын Засаг дарга нарт хүргүүлсэн. Түүний мөрөөр гэрээний төслийг зохих журманд нийцүүлэн боловсруулах ажлын хэсэг томилогдон, бүрэлдхүүнд манай тасгийн уг ажлыг хариуцсан мэргэжилтэн орж ажилласан.

2012 оны 11 дүгээр сараас 2013 оны 05 дугаар сарын 31-ийг хүртэл гарсан аймгийн Засаг даргын захирамжуудын хэрэгжилтэнд Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, илтгэх хуудсаар Засаг даргад танилцуулав.

Сумдын таримал ой, ногоон байгууламжийн гүйцэтгэлд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, дүнг Засаг даргын зөвлөлөөр хэлэлцүүлэн, цаашид хийх ажлын чиглэл, зөвлөмжийг баталсан захирамж гаргуулан сум, байгууллагад хүргүүлэн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллаж байна.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын “Дотоод хяналт, шалгалт хийх журам”-ыг боловсруулан батлууллаа.

Засгийн газрын журам батлах тухай 2013 оны 322 дугаар тогтоолыг үндэслэн сум, баг, байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх аймгийн журмыг боловсруулан бэлэн болгов.

Аймгийн засаглалын үзүүлэлтүүдийг гаргаж Засгийн газарт хүргүүллээ.

Аймгийн Засаг даргын иргэдтэй хийх уулзалт, 2013 онд хийсэн ажлын тайлан, 2014 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээний хэлэлцүүлгийг зохион байгуулав. Хэлэлцүүлэгт Жаргалант сумын 12 багийн 600 гаруй иргэн биеээр оролцож, 2200 иргэн санал асуулгын хуудсаар санал өгөв. Уулзалт, хэлэлцүүлгийн ажлын тайлан бичиж Жаргалант сумын ИТХ-ын дарга, Засаг дарга нарт хүргүүллээ.

Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний 21 байгууллага, 5 сум, 26 багийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийж, түүний мөрөөр зөвлөмж боловсруулан хүргээд байна. Энэ ажил 2014 оны 1 дүгээр сард үргэлжлэн хийгдэнэ.

Тайлангийн хугацаанд Монгол улсын Ерөнхийлөгийн зарлиг 1, Засгийн газрын тогтоол 40, Ерөнхий сайдын захирамж 4, хуралдааны тэмдэглэл 5-ыг хүлээн авч аймгийн удирдлагад танилцуулан  51 заалт,  шийдвэрийг хяналтанд авснаар 148 тогтоол шийдвэрийн 268 заалтын биелэлтийг 2013 оны 12 дугаар сарын 01-ний байдлаар тооцож үзэхэд 76,5 хувийн хэрэгжилттэй байна. Тогтоол биелэлтийн явцад ХШҮ хийж, аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлэв.

Аймгийн ИТХ, ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдааны 67 тогтоолын 115 заалтын биелэлтийг 11 дүгээр сарын 27-ны байдлаар тооцож үзэхэд 71,5 хувийн биелэлттэй байна.

Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөөс аймаг, сумдтай холбогдолтой 98 зорилтын хүрээн дэхь 203 заалтын биелэлтийн явц 30.2 хувийн хэрэгжилттэй байна.

Монгол Улсын Их хурал, Засгийн газрын тогтоолоор батлагдсан Үндэсний хөтөлбөр, төслүүдийн хэрэгжилтийн талаар төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагуудаас ирүүлсэн явцын тайланд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийлээ.

Аймгийн хэмжээгээр 57 хөтөлбөрийн З40 заалтыг хяналтанд авч хэрэгжилтийг зохион байгуулж ажилласан нь 57,4 хувийн биелэлттэй байна. Монгол мал, Чацаргана, Нөхөн үржихүйн эрүүл мэнд дөрөв дэх хөтөлбөр,  Ногоон хэрэм, Багийн хөгжлийг дэмжих, Үндэсний түргэн тусламж сүлжээ, Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр, Ахуйн үйлчилгээний салбарыг дэмжих үндэсний хөтөлбөр, Ажилтай, орлоготой Монгол хүн үндэсний хөтөлбөр, УЦУОШ-ний салбарыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр, зэрэг хөтөлбөрүүд бусдаасаа илүү амжилттай хэрэгжиж байна. Энэ нь шууд санхүүжилттэй холбоотой гэж үзэж байна.

Гадаадын төсөл, хөтөлбөрүүдийн байгууллагуудаас 5 төсөл хэрэгжүүлсэн нь 76,0 хувийн биелэлттэй байна. Тайлант онд Тогтвортой амьжиргаа-2 төслөөс 7,9 сая, Цөлжилтийг сааруулах төслөөс 859.3 сая, Мерси кор монгол олон улсын байгууллагаас 59,3 сая төгрөгийн төсөл хэрэгжжээ. Орон нутагт хэрэгжиж байгаа ихэнх хөтөлбөрийн үйл ажиллагааны санхүүжилт хангалтгүй байна. Энэ нь сум байгууллагуудаас ирүүлсэн тайлангийн хөрөнгө зарцуулсан дүн гэсэн хүснэгт хоосон ирж байгаагаас харагдаж байна. Гэтэл Улсын их хурлын 2003 оны 48 дугаар тогтоолын холбогдох заалт ёсоор Засгийн газар үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх санхүүжилтийг орон нутагт шаардагдах хэмжээгээр нь өгдөггүйгээс хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэхэд хүндрэл учирч байна.

Иймээс Засгийн газраас аймаг, сумд, албан байгууллагуудад Засгийн газрын үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хөрөнгийг хөтөлбөр тус бүр дээр жил бүрийн төсөвт тусгаж өгөх шаардлагатай байна.

Үндэсний хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх талаар аймгийн төр захиргаа, сумууд, албан байгууллагуудын уялдаа холбоо тааруу байна гэсэн дүгнэлтийг бид 2012 оны жилийн эцсийн тайлангаар өгч байсан билээ. Энэ нь сум, байгууллага, аж ахуйн нэгжийн оролцоо хангалтгүй, зарим нь хийсэн ажлын тайлан мэдээгээ ирүүлдэггүй, хөтөлбөр төслийн заалтуудыг бүрэн хяналтандаа авдаггүй дутагдал давтагдаж байгаагаар илэрч байна.

Үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг нутгийн захиргааны байгууллагуудад зохион байгуулан хэрэгжүүлж буй ажлын үр дүнг дээшлүүлж, ажлын уялдаа холбоог сайжруулан, эдгээр эрхийн актуудыг хариуцаж буй ажилтнуудыг сургалтанд хамруулах нь зүйтэй.

Монгол Улсын Засгийн газраас 2013 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ХЭГ/1075 тоот албан бичгээр ирүүлсэн зөвлөмжийн дагуу бүрэн биелсэн, 2012 онд хэрэгжих хугацаа нь дууссан дараах хөтөлбөрүүдийг хяналтаас хасахыг санал болгов.

1.Монгол Улсын гадаад харилцааг эдийн засагжуулах үндэсний хөтөлбөр

2009.10.21 Тогтоол №324

2.Монгол Улсад бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох үндэсний хөтөлбөр 2008.02.27. Тогтоол №78

3.Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр 2010.10.06. Тогтоол №261

4.Төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлэх үндэсний хөтөлбөр 2006.11.09. Тогтоол №263

5.Архидан согтуурахаас сэргийлэх, хяналт тавих үндэсний хөтөлбөр 2008.06.11. Тогтоол №238

6.Жендэрийн тэгш байдлыг хангах тухай үндэсний хөтөлбөр 2010,05,25 Тогтоол №91

7.Бичиг үсгийн боловсрол үндэсний хөтөлбөр

8.Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих үндэсний хөтөлбөрийн хэрэгжүүлэх хугацаа 2012 онд дууссан тул дахин боловсронгуй болгож, хэрэгжүүлэх хөрөнгийг бүрэн шийдвэрлэж батлах нь зүйтэй гэж үзэж байна.

9. Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр /УИХ-ын 2002 оны  41 дүгээр тогтоол /ЗГ-ын 2010 оны 81 тогтоолоор батлагдсан төлөвлөгөө/ -ийг хэрэгжүүлэх хугацаа мөн 2012 онд дууссан. Бид аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар орон нутагт хүний эрхийг хангах дэд хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулан батлуулж хэрэгжүүлж байгаа болно.

Засгийн газрын үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд 2013 онд  6891,0 сая, төслийн хэрэгжилтэнд 926,5 сая төгрөг зарцуулжээ.

Он удаан жил үргэлжилсэн хөтөлбөр, төслүүдийг Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан бодлогын хүрээнд шинэчлэн уялдуулах шаардлагатай байна.

Гурав. Тасгийн дотоод ажлын талаар

Тайлангийн хугацаанд 120 албан бичиг гаргаж, 156 албан бичиг хүлээн авч бүрэн хариу өгч ажилласан байна. Манай тасгийн ажилтнууд 5 ажлын хэсэгт ажиллаж үүргээ, цаг тухай бүр биелүүлж, Тасгийн дарга, Орон нутаг, агентлаг, албан байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн нар Улаанбаатар хотод Үр дүнгийн хяналт-шинжилгээ, үнэлгээний арга зүй эзэмших, мөн тасгаараа Баян-Өлгий аймагт болсон  “Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоо” сэдэвт  сургалтанд  оролцжээ. Орон нутаг, агентлаг, албан байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн “Сайн засаглал”-ын сургагч багшийн  сургалтанд оролцон, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, “Хууль, дүрэм бодит амьдралд” 6 сарын аяны хүрээнд бусад сургагч багш нартай хамтарч Төсөв, санхүүгийн ил тод байдал, Мэдээллийн ил тод байдал, Жендэрийн эрх тэгш байдал, Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх сэдвүүдээр 5 сумын 1816 иргэнд мэдээлэл хүргэсэн байна. Оны эхэнд сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, байгууллага, агентлагуудын дарга мэргэжилтнүүдэд зориулан аймгийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан сургалтанд Хяналт-шинжилгээ, үнэлгээний тухай ойлголт, арга зүй, Засгийн газрын тогтоол шийдвэрийн биелэлт тооцох арга зүй сэдвүүдээр хичээл зааж, төрийн албан хаагч нар зайлшгүй судалж, хэрэгжилтийг хангах ёстой дараах эрхийн актуудаар гарын авлага бэлтгэж өгөв.

“Хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, үр дүн, биелэлтийг дүгнэх, мэдээлэх журам” батлах тухай Засгийн газрын 2006 оны 160, Үндэсний хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг  зохион байгуулах, үр дүн, биелэлтийг дүгнэх, мэдээлэх тухай 2009 оны 285, "Яам болон аймаг, нийслэлийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх журам” батлах тухай 2010 оны 11, “Улсын тэргүүний /загвар/ сум шалгаруулах болзол” батлах тухай 2009 оны 193,  Ил тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлт батлах тухай 2009 оны 143, “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журам” балах тухай 2010 оны 172, “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийг батлах тухай 2010 оны 288, “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам” батлах тхай 2011 оны 62, “Төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангахад дагаж мөрдөх журам” батлах тухай 2012 оны 17, “Албан тушаалтны төрийн өмчлөлд шилжүүлсэн бэлэг, үйлчилгээний үнэ, хөлсийг үнэлэх, хадгалах, зарцуулах журам балах тухай 2012 оны 133,  орон нутгийн төсвийн аргачлал батлах тухай 2012 оны 30, Дотоод аудитийн дүрэм батлах тухай 2012 оны 129, “Санхүү, эдийн засгийн болзошгүй хүндрэлийн эсрэг авах зарим арга хэмжээний төлөвлөгөө”-г батлах тухай 2012 оны 169 тогтоолуудыг гарын авлагад багтаасан болно.

Засаг даргын иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит 5 дугаар хуралдаанд тавих илтгэл, аймгийн 2014 оны үндсэн чиглэлдд Хяналт-шинжилгээ, үнэлгээний чиглэлээр орох материалыг боловруулж өглөө.

Дөрөв. 2014 оны  тэргүүлэх зорилт

1.Баг, сум, байгууллагуудын үйл ажиллагаанд 2013 оны 12 дугаар сараас 2014 оны 01 дүгээр сарын 20-нд багтаан Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, дүнг Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, тэргүүний сум, баг, байгууллагуудыг шалгаруулах

2. Аймгийн хяналт-шинжилгээ, үнэлгээний 2013 оны тайланг Засгийн газрын 2013 оны 322 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу бичиж Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлэх

3. Сум, баг, байгууллага, агентлагуудын үйл ажиллагаанд 2-оос доошгүй удаа хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, арга зүйн зөвлөгөө өгөх

4. Хэрэглэгчийн үнэлгээг хөндлөнгийн Төрийн бус байгууллагаар хийлгэх

5. Хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдээллийн сан бүрдүүлэх

6. Салбар бүрээс нэг нэг үндэсний хөтөлбөрийг сонгож хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх

ТАЙЛАН БИЧСЭН: ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ,

ҮНЭЛГЭЭНИЙ ТАСГИЙН МЭРГЭЖИЛТЭН                       Х.ДАРЬГЕРХАН

ТАЙЛАНГ ХЯНАСАН: ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ,

ҮНЭЛГЭЭНИЙ ТАСГИЙН ДАРГА                                          Ц.ОЮУНЦЭЦГ

 
Find us on Facebook
Follow Us