Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

7043-1111

МОНГОЛ БАРАА

Хөгжлийн бодлогын хэлтсийн тайлан 2013 PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн .   
2014 оны 3-р сарын 13, Пүрэв гариг, 07:31

ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ХЭЛТСИЙН 2013 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАН

Нэг: Удирдлага зохион байгуулалтын талаар

Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 67 дугаар тогтоолоор батлагдсан  аймгийн Засаг даргын Тамгын газрын  бүтцийн  дагуу  эдийн засаг, стратегийн төлөвлөлт, үлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа,  дэд  бүтэц, байгаль орчин,  хүнс хөдөө аж ахуй зэрэг   салбаруудын чиглэлээр аймгийн хэмжээнд баримтлах бодлого, хөтөлбөр, төсөл боловсруулах, хэрэгжилтийг зохицуулах, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, үнэлж дүгнэх чиг үүрэгтэйгээр Хөгжлийн бодлогын хэлтэс нэртэйгээр үйл ажиллагаа явуулж, 6 орон тоотойгоор ажиллав.

Ажилчдын 2012 оны үр дүнгийн гэрээг дүгнэж, ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн 2013 оны үр дүнгийн гэрээ байгуулан ажиллалаа.

Хэлтсийн ажлын төлөвлөгөөг жил, улирлаар төлөвлөж Тамгын газрын даргаар батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж, жилийн ажлын төлөвлөгөөнд  121 асуудал тусган бүрэн хэрэгжүүллээ.

Ажилчдын ажил үүргийн хуваарийг шинэчлэн, харъяа хэлтэс, агентлаг, газрууд болон сумдын Засаг даргатай байгуулах гэрээнд хэлтсийн зүгээс тусгах саналыг нэгтгэн боловсруулав.

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Тамгын газрын болон хэлтсийн жилийн ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж аймгийн эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг нэгтгэн тооцож ТЗУХ болон холбогдох байгууллагуудад хүргүүлж, аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэв.

Хоёр. Эдийн засаг, стратегийн төлөвлөлтийн талаар

Аймгийн эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг бүх сум, албан байгууллагуудад хүргүүлэн, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавин биелэлтийг хагас бүтэн жилээр дүгнэж ажиллав.  Үндсэн чиглэлийн биелэлтийг эхний 11 сарын байдлаар тооцож үзэхэд Төрийн удирдлага, эрх зүйн бодлогын хүрээнд 22 заалтыг хэрэгжүүлэхээр тусгагдсанаас 88.6 хувь, Нийгмийн бодлогын хүрээнд 60 заалт хэрэгжүүлэхээр тусгагдсанаас 86.8 хувь, Эдийн засаг, үйлдвэрлэл, худалдаа, дэд бүтэц, барилга, хот байгуулалтын бодлогын хүрээнд 39 зорилтыг хэрэгжүүлэхээр тусгагдсанаас 81.3 хувь, Хөдөө аж ахуй, байгаль орчны бодлогын хүрээнд 19 зорилтыг хэрэгжүүлэхээр тусгагдсанаас 87.4 хувийн биелэлттэй хэрэгжсэн байна. Аймгийн эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт нийт дүнгээрээ 85.6 хувийн биелэлттэй хэрэгжжээ.

Хөрөнгө оруулалтын дунд хугацааны хөтөлбөр, Монгол улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд холбогдох байгууллагуудаас санал авч нэгтгэн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, ЭЗХЯ-нд саналаа хүргүүлэн үндсэн чиглэлийн төсөлтэй уялдуулж, бүх байгууллагын барилга объектын насжилт, үйл ажиллагаатай холбоотой судалгааг гаргаж нэгтгэв.

Эдийн засгийн хөгжлийн яамнаас боловсруулсан “Сум” төслийн хүрээнд бүх сумдад ажиллаж хөрөнгө оруулалтын хэрэгцээ шаардлагыг сумдын иргэдээр нь хэлэлцүүлэн эрэмбэлэх ажлыг зохион байгуулав. Үүний үр дүнд шаардлагагүй хөрөнгө оруулалтаас зайлсхийж, бодит хөрөнгө оруулалт хийх нөхцөлийг бүрдүүлэв. 2013 оны урьдчилсан гүйцэтгэлээр аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүн 237,0 тэрбум төгрөгт хүрч, нэг хүнд ногдох ДНБ 3.0 сая төгрөг болсон байна.

Аймгийн эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг сум, байгууллагуудаас санал авч боловсруулан аймгийн Засаг даргын зөвлөл, ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн ИТХ-ын ээлжит хуралдаанаар батлуулав.

2013-2016 онд хөрөнгө оруулалтаар барьж байгуулах үйлдвэрийн судалгааг холбогдох маягтуудаар гарган эрэмбэлж, Эдийн засгийн хөгжлийн яаманд хүргүүлэн  2012 онд үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний салбарт амжилт гарган ажилласан тэргүүний хүмүүсийн тодорхойлолтыг ҮХААЯ, ЭЗХЯ-нд уламжиллаа.

Гурав. Дэд бүтцийн талаар

Аймгийн Засаг даргын дэргэд инженер техникийн зөвлөлийг Засаг даргын А/279 тоот захирамжаар байгуулан ажиллах журмыг боловсруулан ажиллуулж, томоохон бүтээн байгуулалт, инженерийн шийдэлтай арга хэмжээг хэрэгжүүлэхдээ тэдний саналыг сонсож мэргэжлийн үнэлгээ хийлгэдэг нөхцөлийг бүрдүүлэв.

Ховд-Манхан чиглэлийн 85.3, Манхан-Дарви чиглэлийн 100 км хатуу хучилттай авто замуудын ажилд хяналт тавьж чанартай гүйцэтгүүлэн улсын комисст хүлээлгэн өгөв. Манхан-Бага улаан даваа чиглэлийн 103.5, Бага улаан даваа-Тэмээн хүзүү чиглэлийн 115.3 км замын ажилд тогтмол хяналт тавьж, гүйцэтгэгч, хяналтын багууллагуудтай хамтран ажиллаж байна.

Аймгийн төвд баригдаж буй Ховд “АЗЗА” ХК-ний  барьж буй 2,226 км, “Түм дэлгэрэх” ХХК-ний барьж буй 1,085 км авто замын ажилд хяналт хийж, ажлын явц байдалд үнэлгээ дүгнэлт өгч гүйцэтгүүлэн улсын комисст хүлээлгэн өгөв. “Кеналхап” ХХК-ний барьж буй 2,934 км замын ажлыг эрчимжүүлэх, чанартай гүйцэтгэх талаар хугацаатай үүрэг чиглэл өгч ажиллалаа.

Мянгадын гүүр-Сар хайрханы чиглэлийн 20 км авто замын ажлын тендер 2 удаа хүчингүй болсон тул “Түмдэлгэрэх” ХХК-тай шууд гэрээ байгуулж, ажлыг эхлүүлэн шороон далангийн ажил хийгдэж байна.

Аймгийн авто замын нэгдсэн сүлжээний зураглалыг шинэчлэн боловсруулж, хотын дотор 10,4 км хатуу хучилттай авто зам байгуулах хайгуулын болон зураг төсвийн ажлыг УБ хотын “Гарьд зам” ХХК-иар хийлгэв.

Хотын төвд урьд нь хийгдсэн 146 ширхэг гудамжны гэрэлтүүлгийг бүрэн хүлээн авч, шинээр 112 гэрэлтүүлэг суурилуулж, Хас банк, Хөрс шатахуун түгээх станц, Хөгжимт драмын театр, Магсаржав кино театр, 30, 72 айлын авто машины зогсоолыг тохижуулж, дөрвөн замуудын уулзвар,  шинэ замын дагуу 8 км явган хүний замыг шинээр хийлээ.

Хотын доторх автобусны зогсоолыг нэмэгдүүлэх, орон сууцны хорооллын доторх авто зогсоолын зураг төслийг боловсруулан үе шаттай хэрэгжүүлж, энэ онд 600 гаруй авто машины зогсоол шинээр барьж ашиглалтанд хүлээн авлаа. Постуудын үйл ажиллагааг жигдрүүлж байнгын хяналт шалгалт хийж илэрсэн зөрчил дутагдлыг тухай бүр арилгуулж, хэвийн ажиллаж байна.

Багийн төвүүдийг үүрэн холбооны сүлжээнд холбох ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж,  9 сумыг шилэн кабельд холбож, 11 цэгт жимобайлын үүрэн холбооны сүлжээний хүлээн авагч тавиад байна.

Бичигт, Хайрхан багуудын 0,4 кВ-ын шугам сүлжээний засвар хийж, үйлдвэрийн бүсэд 200 кВа-ийн трансформатор шинээр суурилуулж, шинэ суурьшлын бүсийн цахилгаан хангамжид зориулж аймгийн давсан орлогоос 50.0 сая төгрөг шийдвэрлүүлж, эхний ээлжийн 140 хашаанд цахилгаан авах боломж бүрдүүллээ.

Дулааны 2 дугаар станцын барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэн 3 зуух,  туслах болон шугам сүлжээний бүх тоноглолыг  бүрэн угсарч, гадна нэгдүгээр туузан дамжуулгын барилга, цахилгааны автомат удирдлага дутуу, ажлын гүйцэтгэл 85 хувьтай хийгдсэн. Ашиглалтын өмнөх захиргааг 8 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, станцын бүтээн байгуулалтын явцад хяналт тавин ажиллаж байна. 60 айлын орон сууцнаас гаалийн 12 айлын орон сууц хүртэлх 250 м урт дулаан, халуун, хүйтэн усны  шугам,  хуучин нисэхээс спортын ордон хүртэлх 800 м урт 220 мм–ийн бохир усны шугамыг сольж шинэчлэх ажлуудыг гүйцэтгэлээ.

Хотын цэвэрлэх байгууламжийн өргөтгөлийн 1.5 тэрбум төгрөгийн өртөгтэй ажлыг “Ховдын тулга” ХХК хийж, 50 хувийн гүйцэтгэлтэй, Талын хашааны чиглэлд цэвэр усны 17.4 км, бохир усны 6.5 км урт шугамын ажил, 500 м3-ийн 2 ус нөөцлөх савын хамт “Хүчит чулуут” ХХК гүйцэтгэж, ажлын гүйцэтгэл 50 хувьтай байна.

2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг аймгийн ИТХ-аар батлуулж хэрэгжүүлэн, хотын шинэчилсэн ерөнхий төлөвлөгөөг хийлгэх талаар холбогдох яаманд хүсэлт тавьж хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлүүлж, гүйцэтгэгчээр “Хот төлөвлөлтийн хүрээлэн” ХХК, Италийн “Термигаз” компаниудын түншлэл шалгарч ажлаа эхлүүллээ.

“Ховд-Эрч хүч” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулж, аж ахуйн тооцоон дээр ажиллуулан хот тохижилт, ногоон байгууламж байгуулах ажлуудыг хийлгэж байна.

Аймгийн хэмжээнд 4296 иргэн, өрх  гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар хашааны газраа өмчилж, Жаргалант сумын хэмжээнд 2013 онд нийт 612 иргэнд 48.5 га газрыг өмчлүүлээд байна. Ховд аймгийн хэмжээнд иргэндээ өмчлүүлэх боломжтой газрын судалгааг гарган газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулан ажиллав.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 3 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар Хөшөөт тосгоныг нүүлгэн шилжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцүүлэн батлуулж, нүүлгэн шилжүүлэх ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Орон сууцны шинэ хороолол байгуулахаар 456 айлын орон сууцны барилга барих хэсэгчилсэн төлөвлөгөөг хийлгэж, дэд бүтцийг байгуулах асуудлыг шийдвэрлэн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар орон сууц барих ажлыг эхлүүллээ.

Дөрөв. Хүнс, хөдөө аж ахуйн талаар

Малчдын залуу халаа бэлтгэх аймгийн дэд хөтөлбөрийг сум, баг, мэргэжлийн байгууллага болон 17 сумын 18-35 насны 220 гаруй малчны саналыг авсны үндсэн дээр боловсруулж аймгийн залуу малчдын сургалт семинарын үеэр хэлэлцүүлж урьдчилсан байдлаар баталгаажуулах ажлыг хийгээд байна. 6 бүлэг 48 заалт бүхий хөтөлбөр боловсруулж батлуулахад бэлэн болоод байна.

17 сумын 65 багийн 1467 хүнд “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, “Монгол мал” үндэсний хөтөлбөр, хоршоо, бирж байгуулах, түүхий эдийн урамшуулал, сумын брэнд бүтээгдэхүүн зэрэг сэдвээр сургалт зохион байгууллаа. Сургалтанд хамрагдсан нийт хүмүүсийн 85,3% буюу 1252 нь малчин, 17,7% буюу 215 нь сумдын удирдлага, мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтэн, мал эмнэлэг үржлийн үйлчилгээний нэгжийн эрхлэгч нар, 42,6% буюу 625 нь хоршооны гишүүн байв. Аймгийн хэмжээнд 17 суманд 171 хоршоо байгуулагдсаны 82 нь малчдын хоршоо байгаагаас Дуут, Эрдэнэбүрэн, Дөргөн, Чандмань, Зэрэг, Үенч, Мөст, Манхан сумдын хоршоод сайн ажиллаж байна. 2013 онд 6973 өрхийн хонины 721,3, тэмээний 55,7,  нийт 777,0 тн ноосонд 1554,0 сая төгрөгийн урамшуулал олгуулах материалыг ҮХААЯ-ны “Мал хамгаалах сан”-д хүргүүлж, нийт малчин өрхийн 90 гаруй хувь нь хамрагдлаа.

Орон нутгийн хөгжлийн сангаас бүх суманд малжуулах сан байгуулж, багийн Иргэдийн Нийтийн Хурлын шийдвэрийг үндэслэн малжуулах ажлыг зохион байгуулж байна. Малжуулах санд орон нутгийн хөгжлийн сангаас 940.0 сая төгрөг тусгаж, малжуулах сангийн үлгэрчилсэн дүрмийг аймгийн ИТХ-аар батлуулан мөрдүүлж ажиллалаа.

Царцааны бортого, авгалдай гаралт үе шатны тодотгох 2013 оны судалгааны дүнгээс үзэхэд царцааны идэвхтэй голомт 258,0 мянган га нийт тархалт 497,0 мянган га-г эзэлж байна. Манхан, Цэцэг, Мөст, Мөнххайрхан, Зэрэг, Дуут сумдад улсын төсвийн хөрөнгөөр 3500 литр карате (5%)-н хор зарцуулж, 30000 га-д 115428.0 мянган төгрөг (хорны үнэ 45370,0 мянган төгрөг оруулж тооцсоноор 160681,4 төгрөг)-ийн зардал гаргаж бэлчээрийг хөнөөлт царцаанаас хамгаалах ажлыг дунджаар 94,1 хувийн үр дүнтэйгээр зохион байгуулсан.

Сумдын мал эмнэлэг үржлийн нэгжүүдийн үйлчилгээний чадамж дээшлүүлэх зорилгоор 17 суманд усан ванн, мал жигнэх цахилгаан жин, лент, таяг метрээр хангасан. “Монгол мал” хөтөлбөрийн хөрөнгө оруулалтаар автомашин дээр суурилсан явуулын хөдөлгөөнт лаборатори, молекул биологийн шинжилгээний иж бүрдэл тоног төхөөрөмж хүлээн авч, лабораторийн оношилгоо шинжилгээний бэлэн байдлыг хангаж, шинжилгээний шинэ дэвшилтэт, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга технологи нэвтрүүлж орон нутагт молекул биологийн шинжилгээ хийх орчин нөхцөлийг бүрдүүллээ. “Шинэ болон дахин сэргэж буй халдварт өвчинтэй тэмцэх чадавхийг бэхжүүлэх” төслийн хүрээнд молекул биологийн шинжилгээний баруун 4 аймгийн ийлдэс, нян судлаач эмч нарыг хамарсан 10 хоногийн сургалт зохион байгууллаа. Мал эмнэлэг үржлийн ажил үйлчилгээ хийх зөөврийн хашаа аймгийн үржлийн алба ашиглаж байна. Мөн вакцин хадгалах 1,3 сая төгрөгийн өртөг бүхий гадна барилга барьж ашиглалтанд оруулав.

Тариаланчдын бүлэг нөхөрлөл, хоршоонд бага оврын трактор  олгох ажлын хүрээнд 2 сард улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 20 тракторыг 17 сумын багуудад олгож, ҮХААЯ-ны ТЭДС-аас 9 сард 16 бага оврын тракторыг хадуур, тармуурын хамт малчид, тариаланчдад лизингээр олгох ажлыг зохион байгууллаа. Нийт дүнгээр 100 гаруй бага оврын трактор, техник хэрэгсэл олгосон байна.

Аймгийн хэмжээнд үр тариа 111 га-гаас 172,8 тонн, төмс 757,8 га-гаас 10147,5 тонн, хүнсний ногоо 1075 га-гаас 13614,2 тонн, тэжээлийн ургамал 479,5 га-гаас 1114,6 тонныг тус тус хураан авсан. Энэ онд шинээр 79,9 га талбайд чацаргана тариалж, аймгийн хэмжээнд нийт 371,4 га-д жимс жимсгэнэ тариалж, оны эцсээр 122,4 тонн үхрийн нүд, чацаргана, бэсрэг алим, улаан, хар чавга хураан авсан байна.

Сумдад өвөлжилтийн бэлтгэл хангах, өвсний нөөц бүрдүүлэх албан даалгавар өгч өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд 230,0 тн буюу 15000 ш прес өвс худалдан авч аймгийн аюулгүйн нөөцийг бүрдүүллээ.

2013 онд 20 хүлэмжийг нэг бүрийг 1.2 сая төгрөгийн өртөгтэйгээр ҮХААЯ-наас ирүүлэн, сонирхсон аж ахуйн нэгжид  лизингээр олголоо. Аймгийн төвд  “Хөдөө аж ахуйн мэргэжилтний  зөвлөгөөн”, “Газар тариалан эрхлэгчдийн  зөвлөгөөн”, “Баруун бүсийн хоршоологчдын зөвлөгөөн”-үүдийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд сумдын Засаг дарга, малчид, хоршооллын төлөөлөл, аймгийн ЗДТГ, ҮХААЯ-ын  удирдлага, мэргэжилтнүүд, төсөл, хөтөлбөрүүдийн байгууллагуудын төлөөлөл бүхий 350 гаруй  хүнийг хамруулан зохион байгууллаа.

2013-2014 онд 17 сумын мал аж ахуйн 91 багт 7042 малчин өрхийн 2,228 мянган мал өвөлжихөөр тооцоо гарч байна.

Зэргэлдээх сум,  аймгийн нутагт Зэрэг сумын  Бураа  багт бэлчээрийн хүрэлцээ муу байгаагаас 16 өрхийн 9200 малыг Дарви сумын нутагт өвөлжүүлэх, Мянгад сумын 3 өрхийн 1000 мал Увс аймгийн Өмнөговь суманд,  Чандмань суманд Дөргөн сумын 4 өрхийн 840 мал, мөн Увс аймгийн Өлгий сум, Өмнөговь суманд Дөргөн сумын 2 өрхийн 666 мал, Буянт сумын  5 өрхийн 675 мал  Ховд сумын нутагт, Буянт сумын нутагт Жаргалант сумын 30000 мал, Эрдэнэбүрэн  сумын 11 өрхийн 6522  мал Ховд сумын Цагаан бургас багт, Хөх сэрхийн тусгай хамгаалалттай газарт 42 өрхийн 26000 мал,  Хар ус нуурын тусгай хамгаалалттай бүс нутагт Буянт, Чандмань, Манхан, Дөргөн сумдын  730 өрхийн 255,3 мянган мал өвөлжих урьдчилсан тооцоо гарч гэрээ хэлцэл байгуулж ажиллалаа.

УЦУОШ-ний төвөөс 2013 оны 8 сарын бэлчээрийн даацыг нийт нутгаар тооцоолж гаргасан дүнгээс үзэхэд  зуншлага  нийт нутгийн 70 орчим хувьд хэвийн, 20 гаруй хувьд гандуу, 10 хүрэхгүй хувьд гантай байна. Манхан сумын хойд талын Тахилт баг, Дарви сумын урд талын Булаг баг, Мөст сумын баруун өмнө талын Хужирт баг, Зэрэг сумын Бураа багуудын нутгаар бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн, Булган сумын хойд талын багийн нутаг бэлчээрийн даац 3-5 дахин хэтэрсэн, Цэцэг сумын 2 баг, Мөст сумын 2 баг, Мөнххайрхан сумын 3 баг,  Манхан сумын 3 баг, Дөргөн сумын 2 баг, Буянт, Жаргалант сумын 3 баг, Ховд сумын 2 баг, Эрдэнэбүрэн сумын 1 баг, Алтай сумын 1 багийн нутгууд. бэлчээрийн даац 1-3 дахин хэтэрсэн  нутагт орж байна. Аймгийн нийт сумдын 60 орчим хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой буюу тодорхой тооны мал гаднаас отроор орох бэлчээрийн нөөцтэй, 40 гаруй хувь нь өөрийн сумын нутагт мал өвөлжүүлэх боломж муу байна.

2013 оны 10 сарын 8-ны байдлаар аймгийн хэмжээнд  64700 тн хадлан бэлтгэхээс 55841 тонныг бэлтгэж ажлын явц 86,3%,  гар тэжээл 4150 тонныг бэлтгэхээс 2933,8 тныг бэлтгэж 70,6% байна. Хадлан бэлтгэх төлөвлөгөөгөө Буянт, Эрдэнэбүрэн, Манхан, Алтай, Мөст, Ховд сумд биелүүлсэн бусад сум төлөвлөгөөгөө  хараахан биелүүлээгүй байна.

Бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор улсын төсвийн 320,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 16 сумын 20 багт инженерийн хийцтэй 20 худаг, урьд оны үлдэгдэл санхүүжилтээр 5 худаг гаргах ажлын явц “Эвлэл” ХХК 7 худаг, “Алтайн хар сувд” 10 худаг гаргаж ажлын явц 68 хувьтай хүлээлгэн өглөө.

Ховд сумын Улаанбураа багт баригдаж байгаа 395,5 га-гийн услалты системийг барих “Монгол менежмент төв” ХХК-ний ажлын явц 90 хувьтай 2014 оны 5 сарын 1-нд хүлээлгэн өгөхөөр төлөвлөн ажиллаж байна.

Мал сүргийг гарз хохирол багатай өвөлжүүлэхэд мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний чанар чухал нөлөөтэй. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад  170,0 мянган бод, 1911,0 мянган бог нийт 2081,0 мянган мал хамрагдаж 125,3 мянган метр квадрат талбай бүхий малын хэвтэр бууцыг халдваргүйжүүлсэн байна.

Тав. Байгаль орчны талаар

Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтөөс болж эвдэрсэн газруудыг нөхөн сэргээх зорилгоор ОХУ-ын Экологи инноваци төвтэй хамтран био бордоо, үрсэлгээний техник технологи турших ажлыг амжилттай хэрэгжүүллээ. Уур амьсгалын өөрчлөлтийн талаар орон нутагт хийгдэх ажлын төлөвлөгөө гарган батлуулж, уур амьсгалын аймгийн дэд хөтөлбөрийг боловсруулан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулахад бэлэн болоод байна.

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны салбар хороог байгуулж, Ховд хотын агаарын бохирдлыг бууруулах дэд хөтөлбөрийг боловсруулан ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангаж байна. “Агаарын бохирдлыг бууруулах тухай” аймгийн Засаг даргын 2013 оны 1 дүгээр албан даалгавар гаргаж, Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар, Стандартчилал хэмжилзүйн хэлтэс, Газар хөдлөлийг бүртгэх “Ховд” станц, Шүүх зэрэг төрийн байгууллагууд нам даралтын уурын зуухаа цахилгаан зуухаар сольж, Төрийн банк, Наран үйлчилгээний төв, “Ач заяа” эмнэлэг, Номин худалдааны төв зэрэг хувийн хэвшлийн байгууллагууд цахилгаан халаалт болон дулааны нэгдсэн сүлжээнд холбогдоод байна.

Ховд хотын “А” зэрэглэлийн бүсэд тариалахаар  гоёлын буйлс 1000 ш, гүйлс 1000 ш, монос 1000 ш, нохойн хошуу 300 ширхэгийг мод үржүүлгийн газарт суулгав. “Ногоон соёл иргэншил”-тэй загвар аймаг болгох тухай ИТХ-ын Тэргүүлэгчдийн 55 тоот тогтоолын хэрэгжилтийг хангахаар аймгийн Засаг даргын 06 дугаар албан даалгавар гаргаж “Ногоон хот” аян өрнүүлж, хотын төвд хийгдэх ногоон байгууламжийн төлөвлөлт хийлээ.

Бүх албан газар, аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан “Ховд хотыг ногоон хөгжлийн загвар хот” болгох хэлэлцүүлэг зохион байгуулж, их дээд сургууль, Боловсрол соёлын газар, УЦУОША, Хотын захирагчийн алба, сургууль, аж ахуйн нэгжийн нийт 50 гаруй хүн оролцов.

”Байгаль орчны боловсролыг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид Ховд хотын “А” зэрэглэлийн бүсийг зүлэгжүүлсэн. 13 эко сургууль хамтарч “Эко сургууль”-уудын зөвлөлдөх уулзалт, Мөнххайрханы БЦГ-ын хамгаалалтын захиргаа “Байгаль орчны боловсрол-45” аян зохион байгуулж нийт 986 иргэнийг хамруулсан байна. “Байгаль эхийн ирээдүйн шадар цэргүүд” эко аялалд 7 сургуулийн эко клубын 90 гаруй сурагч оролцлоо. Цөлжилтийг сааруулах төслөөс эко сургуулиудад тус бүр 500 ширхэг бургас, улиасны суулгац өгч, сургуулийн ногоон орчныг нэмэгдүүллээ.

Булган, Цэцэг, Дарви, Зэрэг, Ховд, Мөст, Эрдэнэбүрэн сумдын орон нутгийн болон улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөтгөх саналыг БОАЖЯ-ны сайдад хүргүүлж, ШУА  Газарзүйн хүрээлэнгийн эрдэмтдийн судалгааны баг сумдад ажилласан. Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны санхүүжилтээр доктор Б.Оюунгэрэл ахлагчтай баг ажиллаж ГИДЦГ-ын “б” хэсэг, Сутай, Баатарын нуруу, Хөх сэрхийн БЦГ-ын хилийг өргөтгөх зэрэг ажлуудыг хийж, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүллээ. ГИДЦГ-ын өргөтгөхөөр Булган сумаас 444364 га, Үенч сумаас 269196 га, Алтай сумаас 183689 га нийт 897249 га-гаар өргөтгөх асуудлыг ИТХ-ын Тэргүүлэгчдийн 100%-ийн саналаар дэмжиж УИХ-д өргөн барихаар болов.

Буянт голын ай савыг цэвэрлэх тухай аймгийн Засаг даргын захирамж гарган ажилгүй 430 иргэдийг татан оролцуулж 9 тонн хог хаягдлыг 3,7 сая төгрөгөөр цэвэрлэж, Буянт голын дагуу 13 ширхэг хээрийн хогийн савыг байрлуулав. Булган суманд хот тохижуулах алба байгуулж, Эрдэнэбүрэн сум орон нутгийн хөгжлийн сангаас 15.0 сая төгрөгөөр хогийн нэгдсэн цэгээ тохижууллаа. Жаргалант суманд 330 орчим га газар хогийн цэг болсноос 2013 онд “Ховд-Эрч хүч” ОНӨУҮГ 20 га газрын хогийг бүрэн цэвэрлэж, орон сууцны орчимд зөөврийн 15 хогийн сав байршуулав.

Хавар, зуны улиралд нийт 19 удаагийн гаралтаар үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадасны хэмжээг нэмэгдүүлснээр хур тунадасны хоногийн дундаж хэмжээ 5-33 мм-ээр нэмэгдлээ.

Аймгийн өвөлжилтийн бэлтгэл хангахтай холбогдуулан иргэд, албан байгууллага аж ахуйн нэгжүүдэд нийлүүлэх нүүрсний үнийн хөөрөгдлийг зохицуулахтай холбогдуулан “Нүүрс хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр Ховд оргил, Ховд Маралгуа ХХК-тай хамтран 22,000 тонн нүүрсний гэрээ байгууллаа. 2012 онд нүүрсний үнэ 1 тонн 100,0-120,0 мянган төгрөг байсан бол 2013 онд нүүрс хөтөлбөр хэрэгжсэнээр 80,0 мянган төгрөгөөр буурч үр дүнтэй хэрэгжлээ.

Зургаа. Худалдаа үйлдвэр үйлчилгээний талаар

Сумдад жижиг үйлдвэр хөгжүүлэх асуудлыг сумдын Засаг дарга нартай байгуулсан гэрээ, батламжинд тусгаж, сум хөгжүүлэх сангийн эх үүсвэрийг 2.3 тэрбумаар нэмэгдүүлж, иргэд аж ахуйн нэгжид үйлдвэр байгуулах, үйлдвэрээ өргөтгөх чиглэлээр зээл олголоо. Жаргалант суманд 8 аж ахуйн нэгж, 27 иргэнд 487.0 сая төгрөгийн зээл олгож, нийт 17 сумын 325 иргэн, аж ахуйн нэгжид 2448.4 сая төгрөгийн зээл олгож дэмжлэг үзүүлсэн байна.

Согтууруулах ундаа худалдаалдаг аж ахуйн нэгж, байгууллагуудад аттестатчилал явуулж 338 аж ахуйн нэгжийг хамруулан 258 аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрлийг үргэлжлүүлэн олгох, 80 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар боллоо. Архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг бөөний цэгүүдэд борлуулсан архины шил буцаан авдаг зохицуулалт хийж, архи согтууруулах ундаагаар үйлчилдэг үйлчилгээний газруудад хяналтын камер суурилуулах захирамж гарган хүргүүлж 2014 оны 2 сараас эхлэн  хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Долоо хоног бүрийн баасан гарагийг “Архигүй баасан гараг” болгох Засаг даргын захирамж гарч хэрэгжиж байна.

Жилдээ 100 тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай цементийн үйлдвэр байгуулах урьдчилсан ТЭЗҮ боловсруулж, үйлдвэрийг барих газрыг аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдааны 2013 оны 07 дугаар тогтоолоор Буянт сумын Норжинхайрхан багийн нутаг дэвсгэрт шохойн ордын баруун талд 15 га газрыг олгохоор шийдвэрлэсэн ба  Засгийн газрын бодлогын зөвлөлөөс Ховд аймагт барих саналыг дэмжүүллээ. Бетон зуурмаг, вакум цонхны 2, хайрга, талбайн даацын хавтан, хөөсөн блок, хөнгөн бетон, чулууны үйлдвэр зэрэг барилгын материалын  үйлдвэр байгуулагдаж, Алтайн буйлааст ХХК дүүргэлтийн хөнгөн блок үйлдвэрлэхээр төсөл боловсруулан 2014 оноос хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Ховд аймгийн хэмжээнд 791 иргэн аж ахуйн нэгж байгууллага үйлдвэр үйлчилгээ эрхэлж байгаа бөгөөд бараа бүтээгдэхүүний хангамжийг нэмэгдүүлэх чиглэлд “Баялаг буянт” ХХК-ний 3 нэр төрлийн  алаг салат хийх үйлдвэр ашиглалтанд оруулж, 2014 онд  төмс боловсруулах үйлдвэрийг ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Жаргалант сумын хүн амын хүнсний хэрэгцээнд зориулж 180.0 сая төгрөгийн сан байгуулж, 80 тн мах нөөцлөх ажлыг эхлүүлээд байна.

Аймгийн худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран 1 дүгээр сард “Элбэг дэлбэг-Цагаан сар” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, хямд үнэтэйгээр чанартай, шинэлэг өнгө үзэмжтэй бүтээгдэхүүн  худалдан авах боломжийг олголоо. Үзэсгэлэнд Жаргалант сумын бизнес  эрхлэгчид болон Алтай, Мөст, Буянт, Дөргөн, Дуут, Мөнххайрхан, Мянгад сумдаас малчид өөрсдийн бэлтгэсэн мал аж ахуйн болон экологийн гаралтай  цэвэр бүтээгдэхүүнүүдээр  оролцож,  аймгийн төвөөс  50 гаруй аж ахуйн нэгж, хувь хүн, хөдөө сумдаас 20-иод хоршоо нөхөрлөл иргэд, нийт 75 аж ахуйн нэгжүүд, үзэсгэлэнд 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож  80 гаруй сая төгрөгийн борлуулалт хийлээ.

“Элбэг дэлбэг-Цагаан сар 2013” үзэсгэлэн худалдааны номинацийн эзэд:

Үзэсгэлэн худалдааны хамгийн их эрэлттэй бүтээгдэхүүн:  “Уурхайт” ЗБН /чацарганы цэвэр шүүс/

Шилдэг үндэсний үйлдвэрлэгч: Д.Бэдээ /сур суран эдлэлийн бүтээгдэхүүн/

Сүү сүүн бүтэгдэхүүний төрөлд:

Алт:  “Сүүн оргил” ХХК  /Жаргалант сум/

Мөнгө: “Эмээл чулуу”  нөхөрлөл  /Булган сум/

Хүрэл: “Алагийн буурал”  хоршоо  /Мөст сум/

Хувцас,  зөөлөн эдлэлийн төрөлд:

Алт: “Гоёлын ундрага” ХХК   /Жаргалант сум/

Мөнгө: “Шумакерь” нөхөрлөл  /Жаргалант сум/

Хүрэл: “Ховд гурван цэнхэр” хоршоо /Мөнххайрхан сум/

Мах, махан  бүтээгдэхүүний төрөлд:

Алт: “Хан Жаргалант”  хоршоо   /Жаргалант сум/

Мөнгө: “Мөст баян хайрхан”  нөхөрлөл /Мөст  сум/

Хүрэл: “Мол достархан” ХХК /Жаргалант сум/

Гурил, гурилан бүтээгдэхүүний төрөлд:

Алт: “Баясгалант өндөр хөхий”   ХХК /Жаргалант сум/

Мөнгө: “Бөөргийн шугуй” ХХК /Мянгад сум/

Хүрэл: “Баян Заан” ХХК /Жаргалант сум/

Мод, төмөр эдлэлийн төрөлд:

Алт:  “Зандан гүгэл”  ХХК /Жаргалант сум/

Мөнгө: “Ховд сувагт” хоршоо /Жаргалант сум/

Хүрэл: Цогбадрах иргэн /Жаргалант сум/

Эсгий, гар урлалын төрөлд:

Алт: “Ховд таван бадрал”  ХХК /Жаргалант сум/

Мөнгө: “Алтайн эх хавтаг”  хоршоо /Алтай сум/

Хүрэл: “Мөнх долоон нуур” нөхөрлөл /Мөст  сум/  тус тус шалгарлаа.

ХАҮТ, Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран 10 дугаар сард “Ховдод үйлдвэрлэв-2013” үзэсгэлэн  худалдааг зохион байгууллаа. Үзэсгэлэн худалдаанд 80 гаруй худалдаа, үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид хамрагдсан ба 3 номинациар шилдгийн шилдэг бүтээгдэхүүн шалгаруулав. Үүнд:

Хүнсний үйлдвэрийн шилдэг бүтээгдэхүүнд: ”Тахилгатын нуруу” ХХК-ний Сутай цай

Орон нутгийн онцлог үндэсний шилдэг бүтээгдэхүүнд: “Ховд таван бадрал”  ХХК-ний эсгий гар урлал

Хөнгөн үйлдвэрийн шилдэг бүтээгдэхүүнд: “Эрчист говь” ХХК-ний сүлжмэл эдлэл тус тус шалгарлаа. Мөн тусгай байрын шагналд “Оюутогтох“  ХХК-ний цагаан идээ, ”Цасны хаан” нөхөрлөлийн нохойн арьсан гутал шалгарлаа. Үүнээс гадна 4 шилдэг бүтээгдэхүүн шалгаруулав. Үүнд: Буянт сумын иргэн Отгонцагааны сүлжмэл эдлэл, Дөргөн сумын арьсан гутал, “Нарсны үнэр” ХХК-ний модон эдлэл,  “Уурхайт” ЗБНөхөрлөлийн чацарганы  үйлдвэрлэл шалгарсан.  Аймгийн Засаг даргаас тус үзэсгэлэн худалдаанд оролцсон шилдэг бүтээгдэхүүн тус бүрээс гадна оролцсон  сумдад  шинээр баригдаж буй битүү захад 1 жилийн хугацаагаар түрээсгүй  павилон эзэмших эрхийн бичгээр шагнаж урамшуулав.

Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт  битүү худалдааны төв барих зорилт тусгагдсаны дагуу 3,7 тэрбум төгрөгөөр 94:42 хэмжээтэй, 10 метр өндөр, 8000 метр квадрат талбай бүхий битүү худалдааны төв баригдаж байгаа бөгөөд 2014 оны 1 сард ашиглалтанд оруулахаар төлөвлөж байна. Иргэд, бизнес эрхлэгчдийн 5 удаагийн уулзалт хэлэлцүүлгээр битүү худалдааны төвийн байршил, эзэмшлийн асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд зах дээр бизнес эрхлэгчид нэгдэн нийлж “Эвийн хүч” хувь нийлүүлсэн компани байгуулан цаашдын үйл ажиллагааг авч явахаар шийдвэрлэсэн. Битүү худалдааны төв нь сайн чанарын сэндвич материалаар хийгдэж байгаа бөгөөд 600 гаруй лангуу тасалгаатай байхаар зураг төсөв хийгдсэн. Байршлын хувьд Их буян захын дэргэдэх талбайд баригдаж байна.

Аймгуудад баригдах битүү худалдааны төвөөс хамгийн томд орох энэ бүтээн байгуулалтын шав тавих ёслолд Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөх н.Батмөнх, УИХ-ын гишүүн Д.Батцогт, ГИХАЭГ-ын дарга Б.Пүрэвдорж, аймгийн ИТХ-ын дарга Б.Баярсайхан, Засаг дарга Д.Цэвээнравдан, Ховд хөгжлийн төлөө сангийн тэргүүн Ш.Адьшаа болон аймаг сумын удирдлагууд, Эвийн хүч компаний төлөөлөл, нийт бизнес эрхлэгчид оролцсон юм. Улсын хөрөнгөөр боссон битүү худалдааны төвийн 75%-ийг хувь нийлүүлэгч гишүүдэд, үлдсэн 25%-ийг аймаг өөрийн мэдэлд авахаар төлөвлөж байна. Ингэснээр Эвийн хүч компанитай 12 жилийн хугацаанд түрээсийн үнээ нэмэхгүй байх хатуу гэрээ байгуулахаас гадна хариуцах эзэнтэй болгож байгаа  юм. Үлдсэн 25%-даа орон нутгийн үйлдвэрлэгч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих замаар түрээслүүлэх юм. Ингэснээр хэрэглэгчид стандарт эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд баталгаат хүнс хэрэглэх орчин бүрдэж байна.

Сумдад ахуйн үйлчилгээний бизнес инкубатор төв байгуулж шинээр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж зах зээлд гарахад нь туслах зорилгоор сумдын засаг даргатай байгуулсан гэрээнд энэ зорилтыг тусган Мөст сум туяа нэгдлийн байрыг 30,0 сая төгрөгөөр,   Дөргөн сум  хуучин цэцэрлэгийн байрыг 20,0 сая төгрөгөөр  засварлан  бизнес инкубаторын чиглэлээр ажиллуулахад бэлэн болгосон байна. Зэрэг сумын  ахуйн үйллчилгээний барилга ашиглалтад орж,  Дуут сум цэцэрлэгийн байрыг 60,0 сая төгрөгөөр засварлан 8 төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээнд 12 иргэн ажиллаж байна.

ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ХЭЛТЭС

 
Find us on Facebook
Follow Us